
“Харанхуйн баатар эргэн ирсэн нь” киноны Бэтмений дүрийг бүтээсэн жүжигчин Кристиан Бэйл Колорадо мужид болсон аймшигт хэргийн хохирогчидын гэр бүл болон хэрэг болсон газартай өчигдөр уулзаж танилцсан байна. Тэрээр хэрэг болсны дараа яаралтай тусламж үзүүлсэн эмнэлэг, цагдаагийн ажилтнуудад талархсан юм.
Мөн аллага болсон кино театрын гадна үүсээд байгаа амиа алдагсдад хүндэтгэл үзүүлэх дурсгалын цуваанд очиж хохирогчдийн ар гэрийнхэнтэй уулзсан байна. Гэхдээ олон хүмүүс түүний хэн болохыг мэдэхгүй эсвэл зүгээр л анхаарал хандуулаагүй юм.
“Warner Bros.” компанийн төлөөлөгч Денвер Пост сонинд өгсөн мэдэгдэлдээ жүжигчин Бэйл кино студийг төлөөлж биш, өөрийн зүгээс энэхүү уулзалтыг хийж байгааг хэлжээ.
Бэйл өмнө хийж байсан бичгэн мэдэгдэлдээ “Би мэдэрч байгаа айдсаа үгээр илэрхийлж чадахгүй байна. Би хайртай нэгнээ алдсан тэр хүмүүсийн шаналлыг бүрэн мэдрээгүй ч миний зүрх тэдний төлөө байгаа” гэсэн байлаа.
Ерөнхийлөгч Барак Обама болон Колорадогийн хөл бөмбөгийн баг Денвер Бронкс мөн амьд гарсан хүмүүсийн хэвтэж буй эмнэлэгт очиж уулзсан юм.
Энэ завсар хэрэгтэн Жеймс Холмсын мөрдлөг үргэлжилсээр байна. Түүний буруутай нь тогтоогдвол цаазын ялд унаж магадгүй байна.

Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ