УИХ-ын анхдугаар чуулган хуралдахдаа хууль зөрчсөн гэсэн шүүмжлэлд УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат байр сууриа илэрхийллээ.
-УИХ-ын анхдугаар чуулган хуралдсан нь хууль зөрчсөн гэж МАН-ынхан үзэж байна. Үүнд тайлбар хийгээч?
-УИХ-ын анхдугаар чуулганыг үндсэн хуульд заасны дагуу явуулсан Маргаан үүсэх боломжгүй. УИХ дахь АН-ын бүлэг олонхоо бүрдүүлсэн бол хуралдаанаа үргэлжлүүлэн явуулах ёстой. Энэ утгаараа чуулганыг хуралдуулсан. Хууль зөрчигдөөгүй.
-МАН-ыхан Үндсэн хуулийн цэцэд хандахаар болсон шүү дээ?
- МАН-ын зүгээс Үндсэн хуулийн цэцэд хандах тухай албан ёсны бичиг ирээгүй. Тэгэхээр би мэдэхгүй. УИХ-д суудалтай нам энэ эвслүүд ойлголцож ажиллах ёстой. УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага, үйл ажиллагаа нь тасралтгүй явах учиртай. Тиймээс улстөрийн намууд ойлголцоод, хуулиа баримтлаж цааш ажиллах ёстой.
-Ойлголцсон уу?
-АН, МАН-ын гишүүд ард түмнийг төлөөлж сонгогдсон учраас хүссэн хүсээгүй буулт хийх зүйл байвал хийнэ. Урагшлах зүйлд урагшаа хандана. АН ийм зарчмын байр сууринд өнөөдрийг хүртэл байгаа. Тиймээс АН хүч түрж УИХ-ын даргаа сонгож, олонхоороо далайлгах гэсэн санаа ерөөсөө байхгүй. Харин нам эвслүүд төрийн ажлыг гацаахгүй явуулах учиртай. Бидний өмнө хүлээгдэж байгаа асар олон ажлууд байна. Үүнийгээ маш шуурхай гүйцэтгэх ёстой. Тийм учраас ийм эмх замбараагүй зүйлийг бид бүхэн маш хурдан цэгцлэх ёстой.
- УИХ-ын дарга сонгогдсоноос хойш 24 цагийн дотор бүлэг байгуулагдах хуультай. Гэтэл өнөөдөр товлогдсон чуулган хуралдаагүй байна. Энэ ямар учиртай юм бэ?
-Хуулиараа бол намууд бүлэг байгуулах тухайгаа 24 цагийн дотор Улсын Их Хурлын даргад мэдэгдэх ёстой юм. МАН бүлэг байгуулах саналаа өгөөгүй байна. Хуулийн хугацаа нь 12.30 цагаар дуусгавар боллоо. Миний болгоомжлол бол дахиад л хууль зөрчигдлөө гэж үзэж байна. Үүнийг би МАН-ынханд хэлэх нь зөв гэж үзсэн. Улстөрийн намуудын өөр өөрсдийн шийдэл нь ямар байхыг би хэлж мэдэхгүй.
Н.Түвшин
Уншиж байна |