
Лондон-2012 олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээний сугалаа маргааш болох гэж байна. Олимпийн эрх олгох тэмцээний явцад авсан онооны дарааллаар жүдочдыг жагсааж, жин бүрийн эхний найман жүдоч уг сугалаагаар урьдчилсан барилдаанд салж орохболоод байгаа билээ.
Жагсаалтын тэргүүнд бичигдсэн тамирчид зөвхөн медалийн төлөө өөр хоорондоо таарахын тулд ингэсэн аж.
Эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жингийн 23 бөхийг 1302 оноотой Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа толгойлон барилдах нь нэгэнт тодорхой болжээ.

Учир нь чансааг тэргүүлж асан 2010 оны дэлхийн аварга Японы Юүка Нишида дотоодынхоо сорилго тэмцээнд 1270 оноогоор дэлхийн №3 чансаатай яваа, 2011 оны дэлхийн аварга Мисато Накамүрад дийлдсэнээс Лондонг зорих эрхгүй хоцорсон юм.
Монголын тамирчин олимпийн наадамд ийнхүү дэлхийн лидерийн хувиар орж буй анхны тохиолдол энэ болж байна.
Залуу тамирчин Д.Сумьяагаас бусад манай жүдочид ч дээгүүр эрэмбэтэй явааг та бүхэн харж болох юм. Дэлхийн аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар жиндээ аман хүзүүнд чансаатай яваа бол “Бээжин-2008” олимпийн аваргаа хамгаалахаар Лондоны татамид гарах Монгол Улсын хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр жиндээ дөрөвдэх эрэмбэтэй байна:
Эмэгтэй
48 кг М.Уранцэцэг 5
52 кг М.Бундмаа 1
57 кг Д.Сумьяа 21
63 кг Ц.Мөнхзаяа 7
-78 кг П.Лхамдэгд 7
Эрэгтэй
60 кг Д.Төмөрхүлэг 8
66 кг Х.Цагаанбаатар 2
73 кг С.Ням-Очир 5
-100 кг Н.Түвшинбаяр 4
Олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээн олимпийн нээлтийн маргааш буюу долдугаар сарын 28-нд хамгийн хөнгөн жингийн барилдаанаар эхэлнэ.
Б.Цагаанбаатар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ