Лондон-2012:Умардын далбааг Өмнөдийнхтэй андуурчээ
Хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон Олимпийн наадмын хамгийн анхны тэмцээн өчигдөр эхэлсэн ба энэ нь эмэгтэйчүүдийн хөл бөмбөг байлаа. Гэхдээ зохион байгуулагчдын зүгээс эхний өдрөө маш том алдаа гаргасан байна.Хойд Солонгосын баг Колумбын багтай орон нутгийн цагаар 19:45-д тоглохоор төлөвлөгдсөн байсан боловч бүтэн цаг хойшилжээ. Дэлгэцэн дээр тамирчдын танилцуулга гарах үед Хойд Солонгосын тамирчдын зурагны хажууд БНСУ-ын далбаа гарсан байна. Үүнийг анзаарсан Хойд Солонгосын тамирчид тэр дороо талбайг орхижээ. Тэднийг дахин танилцуулж, Хойд Солонгосын далбааны хажууд нь зураг нь гарна гэсний дараа л тэд эргэн талбайдаа очихыг зөвшөөрсөн байна. Зохион байгуулагчид энэ алдаагаа маш ичмээр явдал гэж үзэж байгаа бөгөөд зөвхөн алдаа, ямар нэгэн өөр санаа байхгүй. Дахин ийм явдал давтагдахгүй хэмээн тус улсын баг болон Олимпийн хорооноос хүлцэл эрсэн байна. Тоглолтын дараа Хойд Солонгосын багийн дасгалжуулагч Син Уи Гун хэлэхдээ “Тэрхүү алдаа зохистойгоор засагдах хүртэл манай баг тоглохгүй байсан. Харамсалтай нь тэр алдааг засч, бид талбайдаа эргэн гартал жаахан хугацаа алдлаа. Манай тамирчид өөр улсын далбаатайгаар танилцуулагдаж болохгүй, ялангуяа Өмнөд Солонгосын далбаа. Хэрэв энэ алдааг засаагүй бол үргэлжлүүлэн тоглоно гэдэг утгагүй хэрэг” гэсэн юм. Гэхдээ тамирчид маш одтой тоглож, Колумбыг 2-0-оор буулгаж авчээ. Хоёр Солонгосын харилцаа Солонгосын дайнаас хойш хурцадмал байсаар ирсэн билээ.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ