
Лондоны олимпийн нээлтийн ёслолын ажиллагаанд Германы канцлер Ангела Меркель, Японы Ерөнхий сайд Ёшихико Нода, Свазиленд улсын эзэн хаан Мсвати III, АНУ-ын Тэргүүн хатагтай Мишель Обама, Монакогийн ханхүү Альберт, ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев зэрэг 120 гаруй орны төр засгийн тэргүүнүүд хүрэлцэн очих ажээ.
Тэдгээрийн дунд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж эх орноо төлөөлсөн шилдэг 29 тамирчнаа дэмжихээр очиж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч нээлтийн ёслолоос гадна зарим уралдаан тэмцээн үзэхээр төлөвлөсөн бөгөөд долдугаар сарын 29-ний үдэш Олимпийн тосгонд зочилж баг тамирчидтайгаа уулзах ажээ.
Эл өдөр нь Зуны олимпийн ХХХ наадмын уралдаан тэмцээний хоёрдахь өдөр бөгөөд манай жүдоч Х.Цагаанбаатар, М.Бундмаа, мэргэн буудагч О.Гүндэгмаа, боксчин Б.Түвшинбат, усчин Г.Оюунгэрэл нар олимпийн талбарт тэмцэлдэх хуваарьтай билээ.
“Олимп бол хүн төрөлхтний энх тайван, эв нэгдэл, найрамдал нөхөрлөлийн их баяр. Үнэхээр ч олимп бол туурга тусгаар улс үндэстэн бүхний их баяр, бахархал, бас хүндэтгэл юм даа. Энэ удаагийн зуны Олимпийн нээлтэд дэлхийн 120 гаруй орны төр, засгийн тэргүүн оролцох юм. Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгч Олимпийн нээлтэд оролцож Монголынхоо баг тамирчдыг дэмжин, урам зориг хайрлах нь нэр төрийн ч хэрэг, бас үүрэг нь ч гэж хэлж болно. Олимпийн үеэр спортын уралдаан, тэмцээнээс гадна олон төрлийн арга хэмжээ, уулзалт болдог. Манай Ерөнхийлөгч гэхэд хэд хэдэн орны төр засгийн тэргүүнтэй бас уулзана. Гэхдээ анх төлөвлөсөн хөтөлбөрөө дуусгалгүй дундаас нь эх орондоо буцаж ирнэ” гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өгүүлжээ.
Харин Монгол Улсын одоогийн Ерөнхий сайд С.Батболд Лондон-2012 олимпийн наадмын хаалтын ёслолын ажиллагаанд хүндэт зочны хувиар оролцох юм байна.
Б.Цагаанбаатар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ