Д.Батжаргал: Харшил халдваргүй, харин удамшдаг

img

Дэлхий дахинд харшлын өвчний тархалт жилээс жилд нэмэгдсээр байна. Манай улсад ч сүүлийн жилүүдэд энэ өвчний тархалт нэмэгдсэн. Соёл иргэншилтэй холбоотой гэх энэ өвчний талаар  Монголын Харшил Судлалын нийгэмлэгийн гишүүн, "Эозинофелия" харшил-астмын их эмч Д.Батжаргалтай ярилцлаа.Тэрээр энэ мэргэжлээр 15 жил ажиллаж байгаа юм. -Сүүлийн үед харшилтай хүмүүсийн тоо олширсон байна. Ер нь харшил яагаад наадмын дараа идэвхждэгюм бол? -Харшлын оргил цаг гэж байна. Өвөл, хавар, намартаа ялгаатай. Монголын нөхцөлд тавдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 20 хүртэл харшлын сезоны үе гэж тодорхойлдог. Энэ үед ургамлын тоосжилтын үе ид явагддаг. Тавдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 20-ны хооронд модны тоосжилтын үе. Зургадугаар сарын 20-ноос долдугаар сарын 20 хүртэл үет ургамлын тоосжилтын үе байдаг. Үүнд согоовор арвай гэх мэт ургамал ордог. Харин шарилжны үе долдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 20 хүртэл үргэлжилдэг. Манайд сүүлийн үед хөрсний бохирдол их болсноос ургамлын тоожилтын хугацаа нь уртассан. Үүнийхээ хэрээр харшилтай хүний тоо нэмэгдсэн. Улаанбаатар хотын хэмжээнд л гэхэд ургамлын харшилтай хүн нийт хүн амын 23 хувийг эзэлж байна. Хүмүүс харшлыг зуны гурван сард л хөдөлдөг. Тиймээс тухайн үед нь намдаах эм уугаад болчихдог гээд л яваад байдаг. Гэтэл энэ нь хүндрээд астам болдог. Тиймээс харшлын талаар зөв ойлголттой байж, мэргэжлийн эмчийн хяналтад байх хэрэгтэй. Шарилжны харшил ганц манай улсад ч байдаг юм биш. Хөгжилтэй орнуудад ч шарилж ургаж л байгаа. Гэхдээ тоосжилтын үе нь эхлэхээс өмнө үндсээр нь авчихдаг. Жил бүр тэр хогийн ургамлыг цэвэрлээд байхаар сүүлдээ ургахаа болиод оронд нь зүлэг ургаад, эсвэл хиймэл зүлэг тарьдаг. Тэгээд ирэхээр агаараар дэгдэх тоосжилт багасч, энэ төрлийн өвчлөл гарахгүй байх боломжтой болж багасдаг. Ер нь харшил нийгэмшилтэй холбоотой өвчин. Дээр үед харшилтай хүн ховор байсан. Энэ бүхэн бол монголчуудын ахуй амьдралтай холбоотой. Тухайлбал, гэрт амьдрахад агаарын солилцоо сайн нэвтрүүлдэг гээд зөв зохион байгуулалттай байсан байгаа юм. Гэтэл одоо бараг л ихэнх газарт агааржуулагч ажиллуулдаг болсон. Энэ чинь хүний биед их муу. Машины агааржуулагч ч мөн адил харшилд нөлөөлж байгаа. -Харшлын өвчтэй нэг хүн энэ жилхаршил хөдлөх нь хамаагүй гайгүй байна гэж байсан. Энэ нь зуншлага оройтсоноос болж байгаа юм уу? -Ургамлын тоосжилтын хугацаанаас л хамаарч байгаа юм. Энэ жилийн хувьд зуншлага оройтсон. Үүнийг дагаад ургамлын тоосжилтын хугацаа нь оройтсон гэсэн үг. Гэхдээ ажиглаад байхад өнгөрсөн жил харшил нэлээд хүчтэй хөдөлж байсан. Энэ жил гэхдээ харьцангуй гайгүй байна. Гэхдээ л харшил хөдөлнө. Манайхан харшлыг хөдөлсөн үед нь л нэг юм эмчид ханддаг. Уг нь бол хавар, намартаа урьдчилан сэргийлэх үзлэгийг маш сайн хийлгэж байх хэрэгтэй. -Харшил бүрэн эдгэрдэг үү. Зарим хүн таван настайгаасаа харшил нь эхэлсэн байдаг. Аажимдаа саармагждаг тал бий юу? -Харшил хүний физиологитой холбоотой. Харшил удамшдаг. Харин халдварладаггүй. Тэр дундаа ээжийн талыг дагадаг. Харшил эдгэрнэ гэсэн ойлголт бараг байхгүй. Гэхдээ эдгэрдэггүй гээд ам дамжсан буруу эмчилгээ хийж болохгүй. Тэр дундаа монгол аргаар эмчилж байна гээд янз бүрийн арга хэрэглэдэг. Царвангийн харшилтай хүн байлаа гэхэд царванг буцалгаж уугаад шоконд орж байсан тохиолдол ч бий. Ер нь хүмүүс нэг нэгэндээ буруу мэдээлэл их өгдөг. Яагаад эдгэхгүй байна вэ гэвэл шарилжны харшилтай хүн байлаа гэхэд шарилжгүй, орчноор явахгүй байна гэж байхгүй. Хэрэв тийм орчинд очихгүй байхад шарилжны тоосжилт агаараар дамжаад ирнэ. Тэгэхээр харшил өгөөд байгаа орчин л байгаад байвал эмчилгээний үр дүн багатай. Тэгэхээр орчноос л болж байна. -Дээхэн үед газар орон соливол сайн гээд байдаг. Энэ чинь орчноо л соль гэсэн үг байх нь ээ. -Тэгэлгүй яах вэ. Арвай, согоовор гэдэг ургамлаас харшилтай хүн тийм ургамал ургадаггүй газар байхад л харшил нь хөдлөхгүй байгаад байна. Мөн насжилттай холбоотойгоор харшил намжих тал бий. Хоёрдугаарт, замбараагүй эмчилгээ хийлгүй зөнд нь орхисон байхад буурах тал бий. Гэхдээ архи, тамхи замбараагүй хэрэглээд байвал харшил сэдэрнэ. -Хүмүүс биеийн эсэргүүцэл л сайн байвал өвчин тусахгүй гээд янз бүрийн эм тан хэрэглээд байдаг. Гэтэл биеийн эсэргүүцэл хэт сайжрахаар бие их сонор соргог байдаг. Тиймээс маш мэдрэмтгий болоод харшил амархан тусдаг гэх юм... -Хүмүүс дархлаа суларснаас болоод харшилтай болоод байна гээд баахан  дархлааны эм хэрэглээд байдаг байсан. Энэ тийм ч зөв арга биш. Гэтэл дархлаа ихэсч, багасч болно. Тэнцвэрт байдал алдагдаж болно. Гэтэл харшил гэдэг бол үндсэн мехнизм нь хэт мэдрэгшлээс болоод байгаа юм. Хэт мэдрэгшлийн үед хүний организм юмыг хэт мэдрээд байдаг. Хэт сул байвал бас болохгүй. Янз бүрийн халдварт өвчин, вирусээр өвчлөөд эхэлнэ. Дархлааны тэнцвэр хэвийн байвал харшил тусахгүй. Дархлаагаа сайжруулах бэлдмэл их хэрэглэснээрээ хүний харшил сайжрахгүй. -Харшилтай хүмүүс хлорфинамин их уудаг. Монголчуудад ч их тохирдог юм шиг байдаг. Ер нь ямар эм харшилд хамгийн сайн бэ? -Энд нэг зүйл эхлээд хэлье. Зургадугаар сарын 20-ны үед харшил хөдөлдөг хүн байлаа гэхэд тавдугаар сард эмчид хандах хэрэгтэй. Эмч тэр үед энэ жил тоосжилт ийм тийм байна гээд таарах эмчилгээ хийнэ. Нөгөө талаар харшлын янз бүрийн эмний сайжруулсан хувилбар олон гарсан. Хлорфинамин бол дөнгөж эхнийх нь суурь эмчилгээ л юм. Гадны нөхцөлд хлорфинаминыг одоо хэрэглэж байна гэвэл гайхна.  Гадаадад зөндөө сайжруулсан эм бий. Манайд олдоц нь л энэ учраас үүнийг хэрэглэж байна. Дээр нь үнэ хямд. Хлорфинамин нойр их хүргэдэг. Булчин суллах үйлчилгээтэй байдаг. Тиймээс эмийн зах зээл хөгжсөн энэ үед дараа дараагийн сайн бүтээгдэхүүнүүд ороод ирсэн байгаа. -Хүмүүс шоргоолжны үүрэн дээр нойтон алчуур тавиад үнэрлэх, царцааны ходоод сорох гээд аргуудыг харшилд сайн гэх юм. Энэ бүхэнд шинжлэх ухааны үндэслэл байна уу? - Голио сордог  энэ бүхэн бол хүмүүсийн өөрсдийнх нь зохиосон зүйл. Шинжлэх ухаанаар нотлогдоод клинк туршилтаар туршигдсан юм байхгүй. Харшилд  сайн гээд царцааны бэлдмэл гэж гарсан. Мал эмнэлгийн хүрээлэн дээр зардаг юм. Тэрийг би зорьж очиж үзсэн. Мал эмнэлгийн хүрээлэнгийн эмч нартай ярилцаж байхад үүнийг харшилтай хүнд зориулж хийгээгүй. Малын амьсгалын замын гаралтай өвчинд зориулагдсан гэж байсан. Тэгэхээр амьсгалын замын гаралтай гэдэг утгаараа ханиалгаад байгаа хүн уухаар зовиур нь дарагддаг тохиолдол  байгаа. Тиймээс малд зориулсан зүйл хүнд мэдээж яаж зохицох вэ дээ. Зүгээр харшил нь хөдлөөд яваад байдаг байсан хүмүүс тэрийг хэрэглээд хүндрээд астамтай болсон тохиолдол олон. Тиймээс юунаас харшлаад байгаагаа сорил тавиулаад мэдэх хэрэгтэй. Хоёрдугаарт, яг хөдлөөд эхлэхээр нь ямар эмчилгээ хийх вэ, намжмал үед нь ямар эмчилгээ хйих вэ гэх зэрэг  нарийн ширийн зүйлийг эмчтэй уулзаж шийдэх нь зөв. -Монголд харшлын тал дээр авч хэрэгжүүлж байгаа дэвшилттэй зүйл байна уу? - Монголын харшлын нийгэмлэг гэж бий. Саяхан 10 жилийн ой нь боллоо. Энэ хугацаанд нэлээд юм хийсэн. Эмч нараа сургах тал дээр багагүй ажил хийсэн. Тэрний үр дүн нь сайн байна. Бид Дэлхийн харшлын нийгэмлэгт элссэн. Гэтэл яамнаас дэмжсэн зүйл байхгүй л байна. Тэр байтугай эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийг харшилтай хүн хэвтээд нэмэр байхгүй гэсэн үзэл ч байна. Монголд харшлын эмч л гэхэд хуруу дарам цөөн. -Монголчуудын дунд хэчнээн төрлийн харшил байна вэ. Тэр дундаас хамгийн түгээмэл харшил гэвэл... -Ургамлын тоосжилт буюу амьсгалын замын харшил илүү байна. Хүнсний болон дагалдах харшлууд харьцангуй бага. Солонгост л гэхэд хүнсний харшил давамгай байдаг. -Утааны харшил гэж байна уу? -Яг утааны харшил гэж хэлж болохгүй ч утаа харшилд нөлөөнө. Астамтай хүн ийм утаатай үед мэдрэгжилт нь их байдаг учраас утаа нөлөөлж сэдрээдэг. Утаа их байна гэдэг астам ихсээд байна гэсэн үг. -Харшил, астмаар нас барна гэж байх уу -Пенициллин, аспариний шок гэж байна. Пенициллиний харшилтай хүн л гэхэд тариа шахаж дуусаагүй байхад л үхнэ. Харин астамтай олон жил явсан хүн астмын хүндрэлээр нас барах нь бий. -Манай улс харшлын өвчнөөр өвчлөх нь бусад орнуудтай харцуулахад ямар байна? Хүн ам бага учраас нийт хүн амдаа харьцуулахад дунд төвшинд байгаа. -Харшилд өртөж байгаа хүмүүст нас, хүйсын ялгаа гэж байна уу? -Харшил физиологийн онцлогоос шалтгаалдаг тухай дээр хэлсэн. Тухайлбал, 5-12 насанд эрэгтэй хүүхэд, 13-аас дээш насанд эмэгтэй хүүхэд давамгайлаад явчихдаг. Харин астамд эмэгтэйчүүд илүү өртдөг. Таргалалт, тамхидалт астамд их нөлөөлдөг. -Яг одоо харшил нь хөдлөөд байгаа хүмүүст юу гэж зөвлөх вэ? -Хүмүүс хүүхдээ бороо орсны дараа агаар сайхан боллоо гээд гэрээсээ гаргадаг. Тэгж болохгүй. Энэ үед газарт байсан ургамлын тоосжилт агаарт дэгддэг. Мөн бороо орж байгаа үед цонхоо онгойлгож болохгүй. Мөн дур мэдэн голио сорох гэх мэт аргыг хэрэглэж болохгүй. Дээрээс нь харшилтай хүн айраг хэрэглэж болохгүйг сануулья. Тэгээд мэдээж мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Д.Цэцэг    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

харшилтай хүн:
Баярлалаа
2012-08-05
ochood uzuulii gekheer mungu nekhne khatagtai emnelgiin 1 davkhart suuchaad meregjiliin emchid uzuul geel khelchikhed tand amar baikh ldaa getel ene olon khun bdag ta 16 tsagaas khoish ajilakhgui ed nar chine khoorondoo zokhitsoldokhgui bgaag ta er n anzaarch bna uu tanii yariad bgaa yamtai chine adilkhan zan ta ard tumendee gargaad bgaa yum bishuu
2012-08-04
batjargal emch hatagtai emnelgiin 1 davxart baidiin.16 tsag hurtel ajilladag. Sain emch shuu.
2012-07-27
ene emchiin utas hed ve ?
2012-07-27