Н.Лувсанжав: Орон нутгийн сонгуулийг автоматжуулсан аргаар явуулахад зардал их гарна
УИХ-аас сонгогддог Үндэсний аудитын газар, Монгол банк, Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний Статистикийн хороо удирдлагуудыг өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболд Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжаваас дараахь зүйлийг тодрууллаа.
-Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт болох дахин сонгуулийн тов гарсан уу?
-Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт болох дахин санал хураалтыг ирэх есдүгээр сард зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Бэлтгэл хангах чиглэлээр ажиллаж байна. Ирэх аравдугаар сард орон нутгийн сонгууль явагдана. Түүнээс өмнө орон нутгийн сонгуулийн хуулийг шинэчлэн батлах шаардлага бий. Ирэх аравдугаар сард болох орон нутгийн сонгуулийг ямар хууль эрх зүйн орчинд явуулах вэ гэдэг тодорхой болох ёстой. Орон нутгийн сонгуулийг автоматжуулсан аргаар явуулбал асар их зардал гарна. УИХ-ын сонгуулийн хэмжээний ажил болно. Гэхдээ автоматжуулсан аргаар сонгууль явагдах эсэх хууль эрх зүйн нь яаж батлагдахаас шалтгаална. Хоёрдугаарт, УИХ-аас шийдвэр гарах байх гэж бодож байна.
-Өвөрхангай аймгийн аравдугаар тойрогт МАН-аас нэр дэвшигчидтэй холбоотой асуудал юу болж байна вэ?
-МАН-аас Өвөрхангай аймагт нэр дэвшсэн С.Чинзориг, Н.Төмөрхүү нартай холбоотой маргааны анхан шатны шүүхийн шийдвэр нэгэнт гарсан. Дараагийн шатны шүүх хурал нь тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Шүүхийн шийдвэр гарсны дараа тойргын хороо асуудлыг авч хэлэлцэнэ. Ер нь өнгөрөгч УИХ-н 2012 оны сонгуульд дүгнэлт хийж, намрын чуулганы эхэнд сонгуулийн тухай хуульд зайлшгүй тусгах ёстой заалтуудыг оруулах саналаа Сонгуулийн ерөнхий хороо гаргана.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ