
"Киви" хамтлагийн ахлагч Ука буюу Д.Уламбаяр "I am in Love" хэмээх 12 дуутай анхны бие даасан цомгоо гаргаж, өөрийн нэртэй вэб сайт нээсэн билээ. Түүнийг бие даасан уран бүтээлээсээ болоод хамтлагаа орхисон гэх яриа гарсан ч Ука ийн тайлбарлаж байгаа юм.
-“Киви” тарсан, тараагүй гэх мэдээлэл гараад багагүй удлаа. Гэвч энэ бүхэнд тодорхой тайлбарыг фэнүүд тань хүсээд байх шиг ээ?
-Уран бүтээл хийж л байвал хамтлагаараа байна уу, ганцаараа байна уу гэдэг нь огт ялгаагүй. Гагцхүү тухайн уран бүтээл ямар болж вэ гэдэг л сонин. Миний дууг сонсч байгаа хүмүүс таашаал авч чадаж байвал энэ бүхэн тийм чухал гэж үү. Гэхдээ манай хамтлаг тараагүй гэдгийг би дахиад хэлмээр байна. Бие даасан цомог гаргах нь миний эртнээс хүсч ирсэн мөрөөдөл. Тиймээс продюссер Ангирмаа эгчид хэлж байгаад энэ шийдэлд хүрсэн юм. Мэдээж хэрэг, гурвуулаа хамт байж л уран бүтээлээ хийх учраас “Киви” хэсэг хугацаанд амрах хэрэгтэй болсон. Намуунаа, Агий хоёрыг бие даасан цомгоо гаргаж байгаа гэх яриа гарсан байна лээ. Үнэндээ огт тийм биш. Намуунаа сурч байгаа бол, Агий маань хувийн ажилдаа анхаарал хандуулсан. Одоо нэгэнт миний зорьсон ажил бүтсэн учраас хамтлагийнхаа уран бүтээлийг үргэлжлүүлнэ.
-Тэгвэл хамтын уран бүтээлээ хэдийнээс фэнүүддээ хүргэж эхлэх вэ?
-Тун удахгүй шинэ дуунуудаа гаргана. Мөн ирэх арванхоёрдугаар сард таван дуутай цомог гаргаж, томоохон хэмжээний тоглолт хийхээр төлөвлөж байгаа.
Би анхны бие даасан цомгоо гаргахдаа маш их ганцаардаж, хамтлагаа их санасан шүү. Ялангуяа "Mongolian music awards" дээр танго бүжиглэж байхдаа ганцаардлыг маш их мэдэрсэн. Гэхдээ дуу хөгжим дандаа л надтай хамт байдаг.
Миний цомгийн ажилд Намуунаа, Агий хоёр маань байнга тусалж байсан. Дууны ард вокал хоолой хийхээс эхлээд ажил их байлаа. Одоо хамтлагийнхаа цомгийг өөрийнхөө цомгийн жишгээр маш өндөр чанартай хийнэ ээ.
Хамтлагийнхаа найман жилийн ойд зориулсан тоглолтоо ч маш гоё хийнэ гэж бодож байгаа. Бид тарах болоогүй. Хамтлагийн хувьд бүх л зүйл өсөн дэвжсээр байна.
Р.Есүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ