
“Маск” продакшны жүжигчин Ш.Жавхлантай уулзаж ярилцлаа. 2003 онд СУИС-ийн кино-драмын ангийг төгссөн тэрбээр МҮОНТ болон TV9 телевизд орчуулгын киноны дуу оруулагч, жүжигчнээр ажиллаж байсан удаатай.
-Жүжигчид бүр багаасаа л мэргэжлээ сонгочихсон гэж ярих дуртай. Харин таны хувьд?
-Тэгж хүсч байгаагүй. Хэлний чиглэлээр сурна гэж боддог байсан ч нэг л өдөр жүжигчин болохоор шийдэж, СУИС-д шалгалт өгтөл тэнцчихсэн. Тэгээд л тэр чигтээ явчихсан хэрэг.
-Орчуулгын кинонд дуу оруулна гэдэг амаргүй ажил. Үнэндээ манайд мэргэжлийн хэмжээний хэдхэн л дуу оруулагч байсан гэдэгтэй маргах хүн гарахгүй биз?
-Цэмпилмаа, Батцэцэг, Оюун эгч, Нэргүйбаатар, Дармаа ах зэрэг орчуулгын киноны жинхэнэ мастеруудтай хамт ажиллаж, тэднээс маш их юм сурсандаа өөрийгөө азтайд тооцож явдаг. Кинонд дуу оруулахад мэдрэмж их шаардана. Тухайн дүрийнхээ дуу хоолойг чихэвчээр сонсч, телевизээр гарч буй дүрсийг нь харна. Үүнийхээ хажуугаар текстээ уншина. Энэ болгоныг давхар амжуулж, жүжигчнийхээ тоглолтыг унагахгүй байхын тулд мэдрэмжтэй хандах ёстой. Өөрөөр хэлбэл, тухайн дүрийн мөн чанар болон жүжигчний тоглолтыг дуу хоолойгоороо амилуулж байна гэсэн үг л дээ.
-Одоо тэгвэл дуу оруулах ажлаа хийж байгаа юу?
-Хийлгүй яахав. “Маск” продакшн зуны улиралд амралтын байдалтай байдаг. Гэхдээ би одоо “FreeLine” студи дээр кинонд дуу оруулаад явж байна.
-Сайн кинонд тааруухан дуу оруулчихвал хайран, үзэгчид ч хүлээж авахгүй. Сүүлийн үед гарч байгаа олон бүтээлд өөрийн гэсэн үнэлэлт, дүгнэлтийг өгдөг байх?
-Тухайн киноны дуу оруулагч дүрийнхээ өгүүлбэрийг ойлгохгүй, автомат хариулагч шиг уншиж байгаа нь өөрийн эрхгүй анзаарагддаг. Дуу оруулагчаас гадна киноны орчуулга сайн байх шаардлагатай. Дээрээс нь текст уншиж байгаа хүмүүсийн ажлыг хянаж, алдаа дутагдлыг нь засах найруулагч заавал байдаг. Сүүлийн үед маш олон хувийн телевиз гарч ирж байна. Яахав, сайн дуу оруулдаг мундаг хүмүүс бий. Хажуугаар нь болсон болоогүй дуу оруулагч нар ч цөөнгүй. Би мэргэжлийн хэмжээний томчууд шиг айхтар мундаг хүн биш л дээ. Гэсэн хэдий ч, өөрийнхөө хэмжээнд сайн мууг ялгаж салгана аа.
-Цөөнгүй кинонд тоглосон байдаг. Хамгийн сүүлд “Бурхан өршөө” кинонд харагдана лээ?
-Тийм ээ, “Big Line” студийн захирал, продюссер З.Батболдын найруулсан “Бурхан өршөөг” кинонд М.Баярмагнай ахтай цуг нэг гэр бүл болж тоглосон. Хөөрхий дөө, амьдралын төлөө зүтгэж байгаа нэг шуналтай хүүхний дүрд тоглосон гэх үү дээ, би. Өнгөрсөн жил “Цагааны Цэгмид” студийн захирал, жүжигчин Ц.Төмөрхуяг ахын хийсэн “Хайртай бол хартай” кинонд тоглосон. Бас “Хайрын рекорд”, “Мама Миа” зэрэг кино ч бий. Сайн, гоё түүхэн кинонд тоглож үзэх юмсан гэж боддог л юм. Гэхдээ надад тийм монголжуу царай байхгүй байх аа. Гэхдээ бас юмыг яаж мэдэх вэ, ийм кинонд тоглох аз таарах ч юм билүү.
-Таны тоглосон тайз, дэлгэцийн дүрүүд ихэвчлэн хурц ааштай, шийдэмгий маягийн хөгжилтэй эмэгтэй байдаг. Яагаад иймэрхүү дүр оногддог юм бол?
-Мэдэхгүй юм. Найруулагчийн надад оноосон дүрүүд. Гадаад байдал минь иймэрхүү дүрд тохирохоор харагддаг юм болов уу. Бодит амьдрал дээр би тийм айхтар эмэгтэй биш шүү дээ. Ямар ч байсан, тоглосон дүрүүд маань тэгж л таараад байдаг юм.
-Тийм бол бодит амьдрал дээрх Жавхлангийн дотоод хүн ямар вэ?
-Өөрийн гэсэн зорилго, тэмүүлэлтэй. Түүнийхээ төлөө хөдөлмөрлөж, хүссэндээ хүрэхийн тулд зүтгэдэг. Сайн сайхан амьдрал, эрүүл энхийг хүсч мөрөөддөг тийм л бодолтой эмэгтэй.
-Тэгвэл таныг тоглосон дүрээр тань хүлээж авах тохиолдол хэр олон гардаг бол?
-Намайг ааш муутай, шуналтай гэж хэлж байхыг сонсоогүй. Магадгүй, тоглосон дүрээр маань төсөөлдөг хүмүүс байж мэднэ. Нэг хүн бүр “Би чамайг ийм хүн гэж бодоогүй. Тайзан дээрх шигээ эрч хүчтэй, цоглог эмэгтэй байх гэж бодсон чинь бодит амьдрал дээр их даруухан юм байна” гэж хэлсэн.
-Жүжигчид сүүлийн үед мюзикл бүтээлд тоглох болсон. Жавхлангийн нуугдмал авьяасыг сонирхвол?
-Жүжигчин хүн дуулах, бүжиглэх, жүжиглэх авьяастай байх нь тодорхой. Миний нууц авьяас гэвэл хоол хийх. Авьяас биш эмэгтэй хүний үүрэг байх л даа, энэ чинь./инээв/
-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ. Ямар үед өөрөө өөртэйгээ “ярилцах” боломж бол?
-Салхинд гарах, хөгжим сонсох, ном унших дуртай. Боломж гарвал унтдаг. Уран бүтээлийн ажлаас болоод унтах зав ч бараг гарахгүй юм.
-Тас тас хөхөрсөн адтай бүсгүй маань хаана ч явсан, инээдээр цалгидаг байх гэж боддог юм?
-Хаанаас минь гардгийг мэдэхгүй юм, зүгээр л инээмээр санагдаад... Гэхдээ бас инээх юм болоогүй байхад инээгээд байвал “Энэ чинь галзуурчихаж” гэх байлгүй, хүмүүс. Инээдтэй зүйл тохиолдвол ч чадлаараа инээнэ дээ. /инээв/
-Уйлуулья гэвэл...?

-Өө, гомдож уурласан үедээ уйлна. Бас баярлаж, сэтгэл догдолсон үед ч уйлна. Их уйланхай нөхөр дөө. Бухимдсан үедээ хаана ч хамаагүй орилчихмоор санагддаг. Дэр ч юмуу дуу намсгах юм амандаа наагаад орилно доо. Эсвэл сайхан хөгжим, дуу сонсож тайвширна.
-Хүү тань нэлээд том болж. Гэр бүлдээ хэр зэрэг цаг зав зарцуулж байна вэ?
-Маш бага. Зав гарвал гэртээ байхыг хичээдэг. Ажилтай үедээ гэрийнхээ зочин шиг л явдаг юм. Өглөө гэрийнхнээ унтаж байхад гараад явчихна. Орой бас л унтаж байхад нь орно. Энэ бүх ажлыг минь дэмжиж, ар гэрээ авч явахад тусалдаг хүмүүс бол ээж, эгч хоёр.
-Гэр бүлийн амьдралдаа сэтгэл хангалуун байгаа ч болзоонд явах зав гаргаж байна уу?
-Залуу хүн юм чинь явалгүй яахав. Гэхдээ яг одоохондоо дахин гэр бүлийн амьдрал зохиох гэж яарахгүй.
-Оюутан ахуйдаа зохиосон анхны амьдрал тань бүтэлгүйтсэн болохоор хаширлаж байж мэдэх юм. Ер нь эрт амьдрал зохиосондоо харамсч байв уу?
-Харамсдаггүй ээ, намайг гэх сайхан хүү минь байна. Гэр бүл салах болсон маань хувийн л асуудал. Би өнгөрснөө харж амьдардаггүй. Харин ч бүр өнгөрснөөсөө суралцаж, урагшаа харж амьдардаг болохоор энэ бүхнийг яримааргүй байна.
-Тэгвэл эр хүнд тавих шалгуур улам бүр өндөр болсон байх?
-Миний хүүд аав болж чадах хүн л надад хань болно. Эмэгтэй хүн өөрийг нь ойлгож, хайрлаж, халамжилж, дээдэлж, хүндэлдэг тийм эрчүүдэд татагддаг шүү дээ. Надад өөрийн гэсэн зорилготой, эрч хүчтэй эр хүн таалагддаг.
-Анхны үнсэлт тань хэдийд, хаана өнгөрсөн бол?
-Оюутан байх үед л... СУИС-ийн коридорт болсон гэнэтийн тохиолдол байлаа. Маш их цочирдсон шүү.
-Тэгвэл анхны цалингаа хэзээ авч, юунд зарцуулав?
-Оюутан байхдаа “Найрамдал” зусланд багшилж, цалин маягийн багахан мөнгө авдаг байлаа. Хэдий жаахан ч гэлээ, өөрийнхөө хүч хөдөлмөрөөр олсон мөнгө болохоор их урамшина. Тэр үед ямар хүүхэд шуухад төрүүлсэн байсан биш. Амттан, хувцас хунар гээд л үрнэ шүү дээ.
-Анхны дүр гэвэл?
-Төгсөлтийн тайлан тоглолтын үеэр Гоголийн “Байцаагч түшмэл” жүжигт Анна Андреевна гэх эмэгтэйн дүр дээр ажиллаж байсан минь анхны байх. Бас Д.Намдагийн зохиол “Оролмаа эх” жүжгийн дүр дээр ажиллаж байсан. Сургуулиа төгсөх үед жирэмсэн болсон учраас тайлан тоглолтод бэлтгэх, хэт их ачааллыг даахгүй ядрах гээд л асуудал их. Ямар сайндаа өөр хэсгийн үзэгдэл тоглож байхад үзэгчийн суудал дээр унтаж байх жишээтэй.
-Амьдралдаа авсан хамгийн том бэлэг, бас баярлуулсан зүйл юу байв?
-Мэдээж миний хүү. Ээж болох мөчид хамгийн ихээр баярласан. Энэ бүхэн эмэгтэй хүн болж төрсний гавьяа юмуу даа. Үр хүүхдээ харж, нулимс унагасан маань миний амьдралын хамгийн том бэлэг, бас баяр болж чадсан.
-Хүүгийнхээ аавтай одоо хэр зэрэг холбоотой байна вэ?
-Холбоотой байлгүй яахав. Үр хүүхэд нь мөн, аав нь үнэн юм чинь. Хүүгээ аавтай нь уулзуулалгүй яахав. Урьд нь дуучин Ж.Бямбадэлгэрийн “38-тай аав” дууны клипэнд хүү минь аавтайгаа цуг тоглосон. Дараа нь “Никитон” хамтлагийн дуучин Ц.Батчулууны клипэнд тоглосон доо.
-Хүүгээ урлагт уруу татах хүсэл хэн хэнд нь байна уу даа?
-Аав ээж хоёр нь жүжигчин мэргэжилтэй болохоор үгүйсгэх аргагүй юм. “Чи ямар мэргэжилтэй болох вэ” гэсэн чинь хүү маань “Жүжигчин болно” гэдэг байгаа. Бас болоогүй ээ, ямар мэргэжилтэй болохоо бодно гэсэн. Одоо 35 дугаар дунд сургуульд сурдаг юм.
-Та жингээ хасах ч юмуу фитнесс клубт хичээллэх талаар бодож байсан уу?
-Энэ талаар бодож байгаагүй. Харин нэг хэсэг “Golden Gem” клубт явсан. Ажил ихтэй болохоор эхний хэдэн хоног яваад л орхисон байх.
-Жүжигчин хүн сайхан байх ёстой гэлцдэг. Харин энэ мэргэжлийг эзэмшсэн хүн бүр сайхан царай, гоё биетэй байж чадахгүй шүү дээ?
-Хүмүүс тайзан дээрээс сайн сайхан юм үзэх гэж очиж байхад жүжигчид гадаад байдалдаа анхаарах ёстой. Гоо сайхны мэс засал хийлгэсэн ч яадаг юм бэ. Тэртээ тэргүй, энэ хорвоод нэг л амьдрах юм чинь боломж нь байвал юу хүссэнээ хийлгэг л дээ. Сайхан амьдрахын төлөө гоё болж чадвал хамаа алга. Хамгийн гол нь, эрсдлээ сайн бодоосой. Сайхан болох гээд муухай болчихсон тохиолдол байдаг шүү дээ, зарим үед.
-Тэгвэл та хийлгэх юмуу?
-Одоогоор надад биедээ мэс хүргэх шаардлага алга. Би өөртөө сэтгэл хангалуун явдаг.
-Таны хамгийн том гоёл?
-Инээд. Материаллаг талаас нь ярьвал, төрсөн өдрөөр авч өгсөн ээжийн маань бэлэг. Би мөнгөн эдлэл хэрэглэх дуртай. Бас янз бүрийн арга хэмжээнд очдог учраас “Swarovsky” зайлшгүй байх ёстой. Энгийн үедээ мөнгөн эдлэл зүүдэг.
-Мөнгөө юунд харамгүй зарцуулж чадах вэ?
-Хүүгийнхээ боловсролд мөнгө хайрлахгүй зарцуулах нь ойлгомжтой. Мөнгө бол хэрэглээ. Амьдралд зайлшгүй байх ёстой, маш том байр суурь эзэлдэг зүйл. Гэхдээ би мөнгөний төлөө үхэн хатан улайрдаггүй. Мэдээж сайхан амьдрахын тулд мөнгөн хуримтлал бий болгох хэрэгтэй. Харин буруу замаар хөлжсөн хүмүүс л өөрсдөө мөнгөнийхөө боол болдог байх.
-Хэрэв сэтгэлд тань хүрэхгүй дүрд их мөнгө амлаж, тоглуулахыг хүсвэл яах бол?
-Тоглохгүй, тэр дүрд тоглосноороо цаашид би хүмүүст хэн болж харагдах вэ гэдгээ бодох нь чухал.
-Та шүтлэгтэй юу?
-Шүтлэгтэй. Гэхдээ ямар шашин шүтэх нь хувь хүний асуудал байх. Би өөрийнхөө хэмжээнд хангай дэлхийгээ хайрлаж, хөх тэнгэрээ шүтдэг. Одоо хүртэл сахиусаа зүүгээд явж байна
-Хэдэн жилийн дараа онгод тэнгэрээ дуудаад сууж байх юм биш биз?
-Магадгүй шүү./ инээв/ За за, тэр нь ч юу юм бэ. Урлагийнхан дунд тиймэрхүү зүйл их болж байна гээд л ярих юм. Ил байгаа нь энэ болохоос биш далдуур бол зөндөө л байгаа шүү дээ.
-Та шөнийн клубт хэр ордог вэ. Охид бүсгүйчүүдийнхээ талаар ямархуу бодолтой явдаг бол?
-Бааранд ерөөсөө ордоггүй. Кафе юмуу pub-т найзуудтайгаа ордог ч “Хүмүүс намайг юу гэж бодох бол” гэж санаа зовдоггүй. Монгол эмэгтэйчүүд маань их мундаг, дайчин шүү дээ. Эрчүүд маань ийм сайхан хүмүүсээ хайрлаж, хүндэлж яваасай гэж боддог. Харин сүүлийн үед гадаад хүнтэй суугаад харийн орныг зорих болсонд нь харамсдаг. Бас чөлөөт цагаа өнгөрүүлэх газар ховор гээд архи, дарс хэрэглэж байгаа нь өөрсдийгөө хаацайлсан хэрэг байх. Охид бүсгүйчүүддээ хандаж хэлэхэд “Залуу насандаа идэж уулгүй, ихийг бүтээгээрэй” гэмээр байна./инээв/
Р.Мөнгөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ