Ц.Цолмон: Н.Энхбаяр, М.Энхсайхан бид гуравт санал нийлэхгүй зүйл бий
МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслээс жагсаалтаар УИХ-д орохоор болж буй Ц.Цолмонтой ярилцлаа.
-Хамтарсан Засгийн газар байгуулах гэрээ хэлцэлд оролцов уу та?
-МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс гэрээ хэлэлцээ байгуулах ажлын хэсэгт миний бие оролцоогүй. Тэгэхдээ эвслээсээ хэлэлцээрт оролцох баримт бичгийг боловсруулахад оролцсон. Баримт бичигт “Шударга ёс” эвсэл шинээр байгуулагдах Засгийн газарт хамтарч ажиллавал намынхаа гол хөтөлбөрөөс юуг оруулах вэ, ямар зарчмыг баримтлаж ажиллах вэ гэсэн зүйлийг эвсэл байгуулах ажлын хэсэгт өгсөн удирдамжид тусгаж өглөө.
-Ардчилсан намтай эвсэж ажиллахад хүндрэлтэй асуудал юу байна вэ?
-“Шударга ёс” эвсэл таван хувьсгал хөтөлбөрийг хэрэгжүүлэх амлалт авч сонгуульд оролцсон. Улстөрийн салбарт Үндсэн хуулиа шинэчлэх шаардлага бий. Үндэсний шинэ намын дарга байхдаа би гишүүдтэйгээ хамтарч шинэ тавдугаар Үндсэн хуулийн төслийг боловсруулж байлаа. Тэр төслөө дараа нь МАХН-тай нийлж дахин сайжрууллаа. Одоо Ардчилсан намтай хамтарч ажиллахаар улам сайжруулж бүх ард түмнээрээ хэлэлцүүлээд хэрэгжүүлнэ. Эрх ашгийг хамгаалах чиглэлээр шинэчлэлт хийнэ. Парламент хоёр танхимтай байж нэгнийгээ хянадаг хяналтын тогтолцоог намын эрх ашиг, улсын эрх ашгийг хослуулж ажиллах тогтолцоонд оруулах юм. Эдийн засгийн салбарт монголчууд эд баялагаа өөрсдөө ашигладаг байх. Өөрсдөө илүү ашиг олдог байх систем рүү орох ёстой. Үүнийгээ хийнэ. Монголчууд баялагтаа эзэн суух учиртай гэж томьёолдог. Монголд хөрөнгө оруулж буй нэрээр гадныхан их ашиг олж буй хандлага бий. Үүнийг засч залруулах боломж бүрдэнэ. Оюун санаа, менежментийн хувьд ч чадвар нэмэгдэж байгаа. Өөрсдийнхөө хөнжлийг татаж өөрсдөө ашигтай бодлого явуулах хэрэгтэй.
Зах зээлийн эдийн засагт шилжсэн, өөрсдөө мэд гэж иргэдээ орхиж болохгүй. Тэгэхээр чадвартай хэсэг нь улам хөрөнгөждөг. Бие дааж амьдрах чадваргүй хүмүүс орхигдож байна. Үүнийг төрийн бодлогоор авч явах нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ талаар олон санаа бий. Хэрэгжүүлнэ. Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт ч бий. Тэр талаас нь авч үзвэл хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хурцаар зөрчилдөх үзэл санаа бага. Нэгнийхээ санааг дэмжиж нэгдсэн хөтөлбөр хийж түүнийгээ хэрэгжүүлэх учиртай.
-О.Баасанхүү, Ц.Оюунбаатар та гурав тангаргаа өргөхгүй удаж байна. Эвслийн зүгээс дарамт шахалт байна уу гэж хардахад хүргэж байна?
-“Шударга ёс” эвслийн гурван гишүүн тангаргаа өргөөгүй нь хувь хүнтэй холбогдож асуудал биш. Эвслийн анхны жагсаалтаар би есдүгээрт бичигдсэн. Сонгуулийн үр дүнгээс харахад жагсаалтад өмнө бичигдсэн гурван нэр дэвшигч хасагдаагүй бол би орохгүй. Гэхдээ нөхцөл байдал өөрчлөгдөж нэр дэвшигчид хасагдсанаас болж боломж гарсан. Үүнд эвслийн зүгээс хууль зүйн, ёсзүйн хүрээнд зохицуулж болох зүйл. Тангараг өргөхөд яарах зүйл байхгүй. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр гартал хүлээлт үүссэн. Өнөөдрийн байдлаар Цэцийн шийдвэр гарсан учраас ойрын хугацаанд тангараг өргөх процесс болох байх. Тангараг өргөөгүй нь миний хувьд сэтгэл зүйд хүндээр нөлөөлөөгүй.
-Намын жагсаалтаар орж ирсэн гишүүдийг олон нийт шүүмжлэх хандлага их байх шиг байна. Үүнд та ямар бодолтой явна вэ?
-Намын нэрсийн жагсаалтаар намаасаа гуравт, эвслийн жагсаалтаар 9 дүгээрт бичигдсэн. Намайг дэмжигчид бол жагсаалтын есдүгээрт байгаа хүн сонгогчдоос 33 хувийн санал авч байж орж ирнэ. Тиймээс миний дэмжигчид эвслийг 33 хувиас доошгүй санал авахуулах юм бол намайг орно гэдэг үүднээс ажилласан. Бүх улс орон даяар л ажиллаж байгаа шүү дээ. Тойргоос гарсан хүмүүс нэрсийн жагсаалтаас гарсан гишүүдээ зүгээр л гараад ирсэн юм шиг ойлгодог. Буруу гэж би боддог. Энэ удаагийн сонгуульд ард түмэн эвслийг маш их дэмжсэн. Шинэ залуу улс төрчийг бэлтгэх ёстой. Би 30 гаруй насандаа л сайдын албан тушаалд ажиллаж байсан. Тэр үед энэ залуу хүүхэд гэж шүүмжлэх хүн байсан байх. Ер нь боловсролтой, оюуны чадамжтай, шаардлага хангаж байгаа бол залуу хүн гишүүн болж болно. Бас нэг зүйлийг хэлэхэд 60 гарсан хүнийг хөгширсөн улстөрч гэж ярих нь буруу. Улстөрчид 60 гаруй насандаа гэр бүлээ бодохоосоо урьдаж улс орнынхоо ирээдүйг бодох болдог. Тэгэхээр бид төрдөө ахмадуудаа аль болох олноор нь ажиллуулах нь зөв.
-Намууд эвсэж сонгуульд оролцож байгаа нь хэр оновчтой юм бэ?
-Монголд олон жижиг намуудын тоо цөөрч, 2-3 боловсон хүчний нөөц сайтай улс төрийн хүчин байх хэрэгтэй болов уу. Баруун зүүн гэдгээрээ биш монголын эрх ашгийг хамгаалж байна уу гэдгээрээ нэгдэх учиртай. Эх орончдын нам, бүх орончдын гэсэн хэлбэрээр хоёр гурван л улс төрийн хүчин бий болох байх. Улс төрийн хүчнүүд нэгдэж нэг байшинд байхын аргагүй болсон намууд задарч богино хугацаанд шинэчлэгдэх байх гэж бодож байна. Эвсэл ч аль болох хурдан нэг нам болж ардчилсан намтай хамтарч дөрвөн жил сайн ажиллах юм бол цаашдаа нэг улс төрийн хүчин болж болно. Тэр нь монголын эрх ашиг, үндэсний үзэлд нэгдэх ёстой гэсэн баримтлалтай. Тэр талдаа ч анхаарал тавина.
-Нэн тэргүүнд тулгамдсан ямар ажил хийхээр харагдаж байна вэ?
-Монголын амьдралд тулгараад байгаа асуудалд нэгдүгээрт, ажлын байр хоёдугаарт орон сууцны асуудлыг шийдэх, гуравдугаарт, баялгийн хуваарилалтыг шударга болгох зэрэг ажлыг нэн тэргүүнд хийнэ. Өмнө нь Гадаад харилцааны дэд сайд, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа энэ чиглэлээр ажиллаж байсан. Үүндээ түлхүү анхаарч дорвитой зүйл хийнэ. Хэрэв улс төрийн зориг эрмэлзлэл байвал бүх монголчуудыг ойрын хугацаанд ажилтай болгох боломжтой. Залуучуудыг шоронд хорьж буй зардлаар ажилтай болгож болно. Дунд ахмад насны хүмүүс ч ажилгүй байна. Гэтэл Монгол даяар эзэнгүй хяналтгүй өмч хөрөнгө байна шүү дээ. Түүнийг цуглуулж ажилтай болгох боломжтой. Түүхий эдээ худалдаж хүнсний үйлдвэр барьдаг ч юм уу ажлын байр бий болгож болно. Энэ мэт асуудлаар салбарын яамдыг дэмжих шаардлагатай хууль тогтоомжийг гаргах зэргээр ажиллана.
-Яамдын тоог нэмэх бодлого барьж байгаа Ардчилсан нам. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Төрийн албыг цомхотгохын эсрэг байна. Хоёр том гүрэнтэй хил залгаа амьдарч буй Монгол Улсын төр хүчтэй байх ёстой. ОХУ-ын төрөөс дутахгүй ажиллах нь чухал. Хүн хүчний нөөцтөй байх нь мөн л чухал. Сүүлийн үед нэр хүндээ өсгөх гэсэн хүмүүс Монгол төрийн албыг ажлын чадваргүй болтол цомхотгосон. Төрийн албыг цомхотгох хэрэггүй. Харин төрийн албыг хүчирхэг, зангарагтай болгох, ялангуяа яам болгонд бодлого боловсруулдаг нэгж байх ёстой. Нэг яамд 70 орчим хүн ажиллаж байгаа. Тэд бодлого боловсруулна гэж байхгүй ээ. Төрийн албаны тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Яамдуудын тоог ч нэмэх ёстой.Монгол Улсын эдийн засаг хорин хувиар өссөн бол дутахгүй төрийн албанд орон тоо бий болгох учиртай.
-Н.Энхбаяр, М.Энхсайхан та гурвыг муудалцсан. Бараг “Шударга ёс” эвсэл задрахдаа хүрсэн гэх яриа чих дэлсэх боллоо. Энэ хэр үндэслэлтэй мэдээлэл вэ?
-Муудалцсан зүйл байхгүй. Гэхдээ тодорхой асуудалд санал нийлэхгүй байж болно. Хувь хүнийхээ хувьд муудсан юм алга. Бидний насны хүмүүс хувь хүн талаасаа илүү улс орныхоо эрх ашгийг бодох ёстой.
-Тангаргаа өргөхгүй байгаа гурван гишүүн Н.Энхбаярт шантаажлуулж байна гэх сураг ч гарч байгаа?
-Н.Энхбаярын зүгээс шахалт үзүүлсэн зүйл алга. Анх энэ асуудалд эвслийн зүгээс хандсан болохоор бүх зүйлийг эцэслэн шийдтэл тангарагаа өргөөгүй. Одоо Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр гарсан учраас дараагийн алхмаа хийнэ.
- УИХ-ын даргыг сонгосон процесс хууль зөрчсөн гэж буй. Энэ талаар?
-УИХ-ын дарга сонгосон нарийн хуулийн асуудлыг мэдэхгүй. Цаашдаа улс орныхоо эрх ашгийн үүднээс зохицуулаад намынхаа үйл ажиллагааг үргэлжүүлэх байх. Түүнээс биш өө хайж ажиллах юм бол хэцүү. Аливаа улс орны эрх ашиг ямар ч хуулиас дээгүүр тавигдана. Улстөрчид нэг зүйлийг ойлгох ёстой. Намын эрх ашгаас илүү улс орны эрх ашги нэгдүгээр тавигдах учиртай. Монгол орноо хөгжүүлэх гэсэн үндэсний эрх ашгийг дээдлэх ёстой.
-“Шударга ёс” эвслээс хэдэн сайд гарах вэ?
- Таван хүнээ томилно. Таамаглаж яримааргүй байна. Эцсийн байдлаар шийдэгдээгүй болохоор урьдчилж хэлэх боломжгүй.
-Таньд сайдын санал ирвэл хүлээж авах уу?
-Парламентад анх удаагаа сонгогдсон нь би. Тиймээс УИХ-даа ажиллана. Засгийн газарт бол ажиллаж байсан.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ