Олимпийн өмнөх өдөр Твиттерт техникийн саатал гарчээ

img

Олимпийн наадмын үеэр тамирчид болон үзэгч фенүүдийн хамгийн их ашиглах олон нийтийн сүлжээ Твиттер хуудас байх төлөвтэй байна. Спортын арга хэмжээний үеэр тус сайтад хэрэглэгч хамгийн их ханддаг аж. Евро 2010 хөлбөмбөгийн тэмцээний үеэр Испанийн багийн хожлын үеэр секунд бүрт 15 мянга гаруй жиргээ бичигдэж байсан гэнэ. Лондон 2012 Олимпийн наадмын хувьд одоогоор хоёр мянга гаруй олимпийн эрхтэй тамирчид уг сайтад бүртгүүлээд байна. Харин Олимпийн наадмын нээлт болохоос нэг хоногийн өмнө буюу өчигдөр орой техникийн саатал гарч бараг цагийн турш тус сайт руу нэвтрэх боломжгүй болжээ. Гэхдээ зарим гар утасны хэрэглэгчид болон бусад аппликейшнээр тус үйлчилгээг авдаг хэрэглэгчид сайт руу нэвтэрч болж байсан юм. Яг ямар саатал гарсан нь одоогоор тодорхойгүй байна. Твиттер сайтын эхний жилүүдэд техникийн саатлаас болж сул зогсолт их тохиолддог байсан боловч хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр энэ явдал багассан билээ. Сайтын техникийн салбарын дэд ерөнхийлөгч Мазен Равашде гарсан техникийн сааталд хүлцэл өчин, сайтын найдвартай ажиллагаа маш сайн гэдгийг хэлж байна. “Өнгөрсөн зургаан сарын турш манай сайтын найдвартай ажиллагаа дээд цэгтээ хүрсэн бөгөөд доод талдаа 99,96 хувьтай, ихэвчлэн 99,99 хувийн тогтвортой, сааталгүй ажилладаг” гэсэн байна. Энэ нь 24 цагийн хувьд дунджаар 23 цаг 59 минут 40 секундын турш сайт гацалгүй ажилладаг гэсэн үг юм. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ