Олимпийн рингэнд илүүрхээрэй, залуус аа!

img

Өнөөдөр буурал тивийн будант Лондон хотноо нээлтээ эхлэх хүн төрөлхтний спортын хамгийн том наадам зуны ХХХ олимпийн наадамд оролцохоор шалгарсан Монголын 29 тамирчин маань дасгалжуулагчид, албаны төлөөллийн хамт олимпийн тосгонд бууриа засаад их тулааны өмнө бэлтгэлээ базаан байгаа билээ. Олимпийн наадмын боксын рингэнд өрсөлдөх манай боксчид аль улсын хэнтэй таарч хэрхэн тулалдах бол хэмээн бокс сонирхогчид тоглолтын сугалааны дүнг догдлон хүлээж сууна. Мэдээж манай дөрөв ямар ч өрсөлдөгчтэй таарсан ялалтын төлөө бүх хүчээ дайчлан тоглох зориг итгэл дүүрэн байгаа нь ойлгомжтой. Ингээд оршил болгон олныг нуршилгүй боксчдынхоо тухай зарим нэг мэдээлэл, өөрийн санал бодолоо уншигч тантай хуваалцая. Олимпийн боксын хамгийн хөнгөн жин буюу 49 кг-д Бээжингийн олимпийн мөнгөн медалт, 2009 оны дэлхийн аварга, 2011 оны дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Пүрэвдоржийн СЭРДАМБА тоглоно. Энэ жил 27 нас хүрч монгол эрийн ид хавыг үзүүлдэг залуу халуун үе дээрээ яваа Сэрдэмба маань АИБА-гаас гаргасан 2012 оны эрэмбийн жагсаалтад эхнээсээ 6-д бичигджээ. Түүний жинд 26 улсын найдвар Лондонд ирээд байгаа бөгөөд тэдний дундаас үзүүлсэн амжилтаараа хамгийн эхэнд 2004 оны Афины олимпийн хүрэл медальт, 2008 оны Бээжингийн олимпийн аварга, 2003 оны дэлхийн аваргын мөнгөн медальт, 2005, 2007, 2011 оны дэлхийн аварга Хятадын домогт боксчин Зоү Шимин орох нь гарцаагүй. Тэрээр Бээжингийн олимпийн дараа их спортыг орхиж буйгаа мэдэгдэж байсан ч 2011 оны Бакугийн дэлхийн аваргаар эргэн ирж АИБА-гийн жагсаалтыг одоо тэргүүлж буй Өмнөд Солонгосын Шин Жон Хунг илүүрхэн (20:11) ялж түрүүлсэн юм. Учир нь Зоүгийн орыг залган Лондонг зорих учиртай Ли Шизао 2009 оны Миланы дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэн “хангалтгүй” дүн үзүүлсэн тул хятадууд 31 настай Зоүдаа дахин найдахаас аргагүй болсон гэдэг. Хэрэв тэрээр энэ олимпод дахин түрүүлбэл нанхиадын боксын түүхэнд гарч байгаагүй өвөрмөц амжилтын эзэн болох тул их гүрэн түүнд итгэж асар том үүрэг хүлээлгэж буй. Манай Сэрдамбын хувьд Зоү Шиминг ид үед нь буюу 2006 оны Ази тивийн аваргаар нутаг дээрээ урамтай сайхан хожиж түрүүлж байсан бөгөөд 2008 оны Бээжингийн олипийн финалд түүнтэй үлдээд бэртлийн улмаас бүрэн тоглолгүй ялагдсанаас хойж дахин таараагүй байгаа. Харин Сэрдамба АИБА-гийн жагсаалтыг энэ жилээс ахлах болсон Өмнөд Солонгосын “чөтгөр” Шин Жун Хунд 2011 оны тивийн болон дэлхийн аваргаар дараалан ялагдаж, дээр нь Казахын хурд хүчтэй залуу боксчин Биржан Жакиповт 2010 оны Азийн наадмаар ялагдаж байсан тул олимпийн дэвжээнд энэ хоёртой таарвал өмнөх алдаагаа давтахгүй, “өшөөгөө” авах бодолтой байгаа байх аа. АИБА-гийн жагсаалтын 3-т бичигдсэн 2011 оны Европын аварга Азарбайжаны Салман Ализаде олимпод оролцох эрх авч чадаагүй бол 4-рт жагссан Камеруны Томас Эссомбаг манай хүн 2011 оны Бакугийн дэлхийн аваргаар 11:6-аар ялж байсан бөгөөд 5-рт эрэмбэтэй Оросын аварга Давид Айрапетяныг 2009 оны Миланы дэлхийн аваргын финалд 10:5-аар илүүрхэн ялж түрүүлж байсан үе бий. За тэгээд бусад эвгүй өрсөлдөгч нар гэвэл Энэтхэгийн залуу боксчин Лашрам Сингх, Болгарын Александр Александров, Кубын Ёсебани Виета Сото, Тайландын Понгпраён гээд өмнө нь манай хүний нударганы амтыг амсаж байсан олон нөхөд олимпод дахин таарвал урьдын “тооцоо” бодох санаатай яаж тоглохоо сайтар боловсруулан бэлтгэж ирсэн нь ойлгомжтой. Манай хүн ч хариуг нь хэрхэн барих аргаа дотроо бодоод тооцчихсон яваа болов уу. Боксын их гүрэн Кубаас дэлхийн аваргын хагас финалд Сэрдэмбад элгэндээ цохиулаад эвхрэн унаж ялагдаж байсан залуу тамирчин Сотогоо дахин илгээсэн нь тэрээр нутагтаа очоод дийлдээгүй л гэсэн үг. Сэрдамба ер нь том тэмцээнд илүү одтой хиймортой оролцдог бөгөөд тоглолтын олон төрлийн арга барилтай ямар ч үед сандардаггүй тайван, маш сайн хараатай тоглодог хашир туршлагатай тамирчин. Харин сүүлд оролцсон хэд хэдэн тэмцээн дээр өрсөлдөгчөөсөө хурд хүчээр дутах тал ажиглагдаад байгаа, хэрэв олби огтоно шиг бултаж зайлдаг овжин зальтай тоглолттой Зоутай таарвал өмнөх шигээ анаж хүлээсэн арга барилаар тоглоод хожино гэхэд хэцүү, харин “өст” Солонгостой таарчихвал илүү хүлээцтэй угтуулсан оновчтой олон цохилттой хүлээж тогломоор. За тэгээд хашир гавъяат маань хэн гуайтай ч таарсан учрыг нь олоод хужрыг нь тунгаах бизээ. 52 кг. 2009 оны Миланы дэлхийн аваргаар олон улсын тэмцээний ямар ч туршлагагүй 17 настай монгол хүү Нямбаярын ТӨГСЦОГТ мөнгөн медальд хүрч шуугиан тарьж байв. Түүнээс хойш Төгсөө анхаарлын төвд орж ирсэн бөгөөд 2010 оны дэлхийн залуучуудын аварга, Ази тивийн аварга, 2011 оны Бакугийн дэлхийн аваргаас шүүгчдийн шууд “тусламжтай” хоосон хоцорч байсныг санагтун. Тэрээр хэсэг хугацаанд “World Series of Boxing” цувралд оролцохоор гадагшаа уригдан “Баку Файерс” багийн эгнээнд амжилттай тоглоод мэргэжилийн тулааны хал үзэж халуун чулуу атган хат суугаад ирсэн нь сайхан үр дүнгээ өгч өнгөрсөн жил Ази тивд олимпийн эрх олгох сүүлчийн тэмцээнээс мөнгөн медаль хүртэн Лондонд ирэх визээ авсан билээ. Одоогоор АИБА-гаас гаргасан эрэмбээр манай хүний нэр эхний 35 (!!) дотор алга, гэхдээ энэхүү эрэмбийн 2,3-р байранд хүндтэй гэгч нь залраад байгаа Оросын Миша Алоян, Италийн Винченцо Пикарди нар 2009 онд Миланд огт танигдаагүй монгол “бацаанд” дараалан хожигдсоноо мартаагүй байх учиртай. Астанагийн тэмцээний үеэр дэлхийн боксын мэргэжилтнүүд манай тамирчны өсөх ирээдүй ур чадварыг өндөр үнэлсэн бөгөөд финалд тоглосон Казахын Ильяс Сулейманов 18:14-өөр манай хүнийг ялагдахад бас л шүүгчийн “тусламж” орсныг орон орны олон түмэн үзэгчид харцгаасан байх аа. Олимпод түүнтэй өрсөлдөх 26 боксчны дунд энэ л хамгийн хэцүү гээд цохож нэрлэх айхтар “дайсан” алга гэж хэлж болно. Төгсөө маань Лондонд НЭГ ЮМ дуулгана шүү!!! 64 кг-д манай гавъяат Уранчимэгийн МӨНХ-ЭРДЭНЭ-тэй нэгэн үе тэнгийн хашир “бурхинууд” голдуу байна. Тухайлбал 2005, 2006 оны Европын аварга, 2003, 2009 оны дэлхийн аваргын хошой хүрэл медальт Унгарын Гюла Кате, 2011 оны дэлхийн аваргын хүрэл медальт Английн найдваруудын нэг Томас Сталкер, Италийн Манжикапри, 2009 оны дэлхийн аварга Кубын Сотолонго, Хасагийн Данияр Елеусинов, Энэтхэгийн Манож Кумар гээд цааш үргэлжлэн нийт 28 өрсөлдөгч иржээ. Энэ жил 30 нас хүрч олимпийн наадамд гуравдахь удаагаа оролцож буй манай Мөнх-Эрдэнэ АИБА-гийн эрэмбээр 2 дугаарт бичигдэж буй тул сугалааны аль нэг хэсгийг толгойлох болов уу. Амжилтын хувьд 2009 оны дэлхийн аваргаас хүрэл авчирснаас хойш тэмцээн уралдаанд тогтмол оролцож бага дэлхийн аварга хэмээгддэг Польшийн Феликс Штамын нэрэмжит тэмцээнд түрүүлж, өнгөрсөн жил Ази тивийн аварга болсон жигдхэн сайн үзүүлэлттэй байгаа. Боксын мэргэжилтнүүд түүнийг 2011 оны дэлхийн аваргаар түрүүлэх боломжоо бүрэн ашиглаж чадаагүй гэж дүгнэсэн нь үнэний хувьтай. Бээжингийн олимпод ч түүнд сэтгэл зүйн бэлтгэл дутсан тухай ардын багш Д.Банди харамсан ярьж байсан. Харьцангуй тайван хянуур хичээнгүй нягт шургуу тоглолттой Мөнх-Эрдэнэд маань хуримтлуулсан туршлага, тоглолтын торгон мэдрэмж, олон төрлийн тактик, арга ухаан тэсвэр хатуужил зэрэг шилдэг чанарууд бүгд бий. Харин сэтгэл санааны тал дээр “шаталт, түлэгдэлт” үүсэх зэргээс болгоомжлон өөрийгөө зөв удирдан дайчлан хурцалж чадваас олимийн ямар ч медальд хүрэх зам манай хүний өмнө нээлттэй байна. 69 кг жинд олимпийн эрхийг 28 боксчин авчээ. Манай Бямбаагийн ТҮВШИНБАТ-ын жинд дэлхийн хошой аварга (2003, 2007 он) Казахстаны нэрт боксчин Серик Сапиев, 2011 оны дэлхийн аварга Украины Тарас Шелистюк, Хятадын Мей Мататурсун, Оросын Андрей Замковой, Энэтхэгийн Киршан Викас, Францын Алексис Вастин нарын олон “одууд” байгаа бол Бээжингийн олимпийн аварга Доминиканийн Мануэль Феликс Диас, дэд аварга Тайландын Манус Бумжонхунг зэрэг томчууд эрхээ авч чадаагүй ажээ. Мөн Германаас 2009 оны дэлхийн аварга Жек Кульчай-Кетийн оронд 20 настай Патрик Войчицки олимпод үзэхээр ирсэн бол 2009 оны дэлхийн аварга Кубын Рониел Иглесиас зодог тайлж оронд нь гарч ирсэн залуу тамирчин олипийн эрх авч чадаагүй байна. Түвшинбат маань 2011 оны Ази тивийн аварга, Ази тивд олимпийн эрх олгох Астанагийн тэмцээнд дараалан финалд хүрч АИБА-гийн эрэмбээр 13-т жагссан байгаа. Манай хүн Азийн аварга, Астанагийн олимпийн эрх олгох тэмцээнд Хятадын уйгар гаралтай боксчинд дараалан ялагдаж 2012 оны бага дэлхийн аварга гэгддэг Химийн цомын тэмцээнд Германы Войчицкид 9:6 харьцаагаар, 2011 оны Бакугийн дэлхийн аваргаар Оросын Замковойд 14:8 харьцаагаар хожигдсон алдаан дээрээ сайтар дүгнэлт дүн шинжилгээ хийж ахин таарвал заавал хожих зорилготой ирсэн нь гарцаагүй. Одоо Түвшээ маань Астанагийн рингэнд авсан гарын бэртэл гэмтэл нь бүрэн эдгэж бүрэн илааршин бэлтгэл формондоо орж жигдрээд гарааны өмнө бэлэн байгаа биз ээ. За ингээд Бээжингийн олимпоос алт мөнгөн медаль авчирч багаараа дэлхийн 77 орноос 4-р байрт шалгарсан амжилтаа батлан Лондонгийн тэнгэрт соёмбо үсэгтэй тугаа мандуулахын төлөө урагшаа залуус аа! Монголын боксчид илүү шүү, илүү! Д.Цэрэндорж Сан-Франциско хот

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bagi:
tserendorj ax shig sain barimttai bichij bgaa sportiin setgyylch bna uu
2012-07-31
mongolin caixan 4n xvvdee amjilt xvcii
2012-07-28
baatar:
Serdamba maani ter zoy g l hemh nudeed uguusei buur tegj l baij sanaa amarmaar baigaa umdaa. 4 jil uuniig huleelee
2012-07-28
A:
Beijind manaihan 4-t orson
2012-07-28
kkk:
ИРЭХ ЦАГИЙН САЛХИ БҮХЭН ЭХ ОРНЫ МИНЬ СЭРГЭН МАНДАЛТЫГ ДЭЛХИЙН ТҮМЭНД ЗАРЛАН ТҮГЭЭХ БОЛНО. ИРЭХ ОЛИМПООС Ч БИД ОЛЗ ОМОГ ИХТЭЙ БАЙХ БА НИЙТ 9 МЕДАЛЬ ҮҮНЭЭС 4 АЛТ, 5 МӨНГӨН МЕДАЛЬ ЗҮҮХ БОЛНО. ЭХ ОРНЫ МИНЬ ШИЖИР АЛТААР УРЛАСАН МЕДАЛУУД ЭХ НУТГИЙНХАА ҮРСИЙН ЭНГЭРТ ГЯЛАЛЗАХААР МАНАНТ ЛОНДОНД ЗҮҮРМЭГЛЭН, ЗҮҮДЛЭНХЭН ХҮЛЭЭЖ БАЙНА WINDS OF COMING YEARS WILL DECLARE THE MONGOLIA’S RENAISSANCE TO MANKIND OF THE GLOBE. IN UPCOMING OLYMPICS LUCK WILL SHINE ON US WHERE WE WILL GET 9 MEDALS OUT WHICH 4 GOLD AND 5 SILVER. THE MEDALS MADE OUT OF PURE GOLD OF MY COUNTRY ARE WAITING IN LONDON WITH LIGHT DREAMS TO SHINE ON CHESTS OF CHILDREN OF IT’S OWN NATIVE LAND. KHURAI KHURAI KHURAI TS.BAYARSAIKHAN
2012-07-28
salhi:
beejingiin olimpod 4eer bairand oroogvi baihaa zub bicheerei. sonsohod saihan l yum xexe
2012-07-28
x:
ooriinhoo huutei zuielei. gantchan amjilt l husie.....
2012-07-28
Bruce:
Baga yar'tsgaaya ..... Hurai hurai
2012-07-28
ршл:
Цэрэндорж минь бокс ойлгох болоогүй бна даа.
2012-07-27