Хэсгийн барилдаанууд өндөрлөлөө
Лондоны олимпийн жүдо бөхийн төрөл өнөөдөр эрэгтэйчүүдийн -60, эмэгтэйчүүдийн -48 кг-ийн жингийн тэмцээнээр эхэлсэн билээ.
Тэгвэл дөнгөж саяхан тус хоёр жингийн хэсгийн барилдаанууд өндөрлөлөө. Хэс эг хугацаанд завсарласаны дараа хагас шигшээгийн барилдаанууд эхлэх юм.
Эмэгтэйчүүдийн -48 кг-д медалийн эзнээр хэдийнэ нэрлэгдээд байсан Японы жүдоч Томоко Фукуми, 2008 оны Бээжингийн олимпийн аварга Румыний жүдоч Алина Думитру болон Бразилийн Сара Менезес, Бельгийн Чарлин Ван Сник нар хагас шигшээд шалгаран үлдээд байна.
Японы жүдоч Румыний жүдочтой, разилийн Менезес Бельгийн жүдочтой тус тус хагас шигшээд барилдана.
Энэ жинд эх орноо төлөөлөн барилдаж буй ОУХМ Мөнхбатын Уранцэцэгийн хувьд эхний тойрогтоо хийлж улмаар Казакстаны Александра Подрядоваг вазари үнэлгээгээр ялсан.
Харин дараагийн тойрогтоо Румыний Алина Думитрутай таарч нэмэлт цагт эцсийн мөчид өрсөлдөгчийнхөө хариу мэхэнд орж оноо алдаж ялагдаад байгаа.
Гэсэн ч манай жүдоч торгуулийн барилдаан хийх боломжтой. Тэрбээр торгуулийн тойрогтоо Аргентины жүдоч Паула Паретотой барилдах болно.
Эрэгтэйчүүдийн -60 кг-ийн жинд олныг шуугиулсан барилдаанууд олон боллоо. Хэсгийн барилдаанд сөхөрчихнө хэмээн таамаглаж байгаагүй манай жүдоч Д.Төмөрхүлэг эхний тойрогтоо хийлсэн ч эхний учраа болох Бразилийн жүдоч Фелипп Китадаид ялагдлаа.
Өмнө нь олон улсын зэрэглэлийн тэмцээнд ялж байсан бөхдөө Д.Төмөрхүлэг маань өөрийн барилдаанаа гаргаж чадахгүй тааруухан байсаар ялагдлаа.
Укрианы Георгий Зантариа, Азербайжаны Илгар Мушкиев нар нэлээн эрт өрсөлдөөнөөс хасагдсан нь мөн л шуугиан тарьж байна.
Энэ жинд сүүлийн үед босоо байгаа олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга Узбекстаны алдарт бөх Ришод Собиров өнгөтэй сайхан барилдсаар хагас шигшээд үлдээд байна.
Хагас шигшээд Р.Собировтой ОХУ-ын Арсен Галстьян барилдах нь зүй ёсоор олны анхаарлыг татаж байна.
Мөн Японы шилдэг жүдоч Хироаки Хираока хагас шигшээд шалгарч үлдээд байгаа нь медалийн төлөөх өрсөлдөөнийг улам хурц болгож байна.
Н.Өрнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ