
Өчигдөр жүдо бөхийн тэмцээний салхийг хагалж эхэлсэн эрэгтэйчүүдийн -60 кг-ийн жингийн хагас шигшээд үнэхээр гайхалтай ширүүн өрсөлдөөн болсон юм.
Дэлхийн хошой аварга, олимпийн хүрэл медальт Узбекстаны жүдоч Рошид Собиров хэсгийн барилдаануудад босоо байсан ба хагас шигшээд ОХУ-ын хөнгөн жингийн шилдэг жүдочдын нэг дэлхийн аваргын хүрэл медальт Арсен Галстьянтай таарч барилдсан билээ.
Хоёр шилдэг жүдочийн барилдааныг эцсийн мөчид ганц юко үнэлгээ шийдсэнээр Арсен Галстьян жиндээ босоо бөх Рошид Собировыг ялж алтан медалийн төлөө барилдах эрхээ өвөртөлсөн.
Мөн хагас шигшээд Японы шилдэг жүдоч Хироаки Хираока Италийн жүдочийг иппон, вазари үнэлгээгээр цэвэр ялсан.
Хүрэл медалийн төлөөх барилдаанд учраа бөхчүүдээ хялбархан ялснаар Узбекстаны Рошид Собиров, Бразилийн Фелипп Китадаи нар медалийн эзэд болов.
Харин аваргын төлөөх барилдаанд Арсен Галстьян өрсөлдөгчөө иппон үнэлгээгээр цэвэр ялснаар ийнхүү эх орондоо алтан медаль авчирч, олимпийн аварга хэмээх эрхэм алдрын эзэн боллоо.
Тус жинд манай жүдоч ОУХМ Д.Төмөрхүлэг барилдсан ба эхний тойрогтоо хийлж улмаар эхний өрсөлдөгч болох хүрэл медалийн эзэн болоод буй Бразилийн Фелипп Китадаид хялбархан ялагдсанаар тэмцээнээ өндөрлөсөн юм.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ