
Өнөөдөр зуны олимпийн XXX наадмын хоёр дахь өдөр. Манай улсын баг тамирчдаас өнөөдөр таван тамирчин олимпийн талбарт хурд хүч, авхаалж самбаагаа сорих юм. Жүдо бөхийн төрөлд эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хашбаатарын Цагаанбаатар эхний тойрогтоо хийлж улмаар 17.05 цагаас Тайванийн жүдочин Ту Кай Вентэй барилдах юм. Дэлхийн аварга, олимп, дэлхийн хүрэл медальтай Х.Цагаанбаатарыг гарцаагүй энэ жинд дээгүүр барилдана хэмээн гадаад, дотоодгүй ярьж бичсээр байгаа. Түүнийг олимпийн одгүй хэмээдэг ч энэ олимпоор гарцаагүй ямар нэгэн юм дуулгах хэмжээнд жиндээ босоо байгаа гэх.
Тиймээс өнөөдөр монголчуудын хувьд ямар ч байсан медальтай өдөр хэмээхэд алдахгүй. Х.Цагаанбаатарын эхний учраа болох Тайванийн жүдоч түүнд бие халаалт болно гэхэд хилсдэхгүй. Түүний дараагийн учраа нь Английн жүдоч Колин Оатес, Австралийн Иво Дос Сантос нарын аль ялсан нь байх болно. Гэхдээ Цагаанаагийн хувьд аль алиныг нь өмнө нь олон улсын хэмжээний тэмцээнүүдэд ялж байсан туршлагатай.
Мөн өнөөдөр жүдо бөхийн төрөл, эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа барилдах юм. Бас л манайхны найдлага тавьж байгаа жин. Японы шилдэг жүдоч Юка Нишида энэ удаагийн олимпийг өнжиж оронд нь Мисато Накамүра ирснээр манай тамирчин жингээ тэргүүлэн олимпод зодоглох болсон.
М.Бундмаа Улаанбаатарын цагаар 16.44-т Гаитигийн жүдоч Ленус Десравинтай барилдах бол өрсөлдөгчөө ялснаар удаад нь Кубын жүдоч Акоста Бермойтой барилдана. Бермоиг манай жүдоч өнгөрсөн жилийн Парисын Их Дуулгад ялж байсан туршлагатай. Бермоиг ялвал манай жүдочийн дараагийн учраа нь ДАШТ-ий хүрэл медальт, Испанийн жүдоч Ана Караскоса байх магадлал өндөр. Хэрэвзээ ийм хувилбар таарч гэмээнэ манай бөх Испанийн жүдочтой хийсэн сүүлийн гурван барилдаандаа ялаад байгаа юм.
Ийнхүү манай хоёр жүдоч өнөөдөр Лондоны татамид хүч үзэх бол Олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа маань эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны дасгалд 16.00 цагаас цэц мэргээ сорино.
Боксын 60, 69 кг-ийн тэмцээн өнөөдөр эхэлнэ. 69 кг-д манай ширэн бээлийтэн ОУХМ Б.Түвшинбат Африкийн Габон улсын тамирчин Мтумба Мбемитэй тулалдана. Энэ тулаан манай цагаар 22.15 цагт болох юм.
Өнөөдөр олимпийн талбарт өрсөлдөх таван тамирчны маань сүүлийнх нь энэ удаагийн олимпод цагаан хуудсаар орж байгаа Г.Оюунгэрэл юм. Тэрбээр эмэгтэйчүүдийн 100 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд уралдана. Усан замд уралдах цаг нь Улаанбаатарынхаар 18.15.
Ийнхүү өнөөдөр Монгол Улсаас олимптийг зорьсон 29 тамирчны тав нь тэмцээндээ оролцох юм. Тамирчдадаа амжилт хүсье.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ