
Өнгөрсөн долоо хоногт экс спикер Д.Дэмбэрэл хамгийн ахмад гишүүний хувьд хуульд заасны дагуу УИХ-ын чуулганы хуралдаан даргалагчийн суудалд заларсан ч МАН-ын шахалтаар аль болох арга саам хийж, алхаа нэгэнтээ тасхийлгэж хуралдааныг завсарлуулсан. Намынх нь бүлэг ч хуралдаанд оролцохгүй байлаа. Иймээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж даваа гаригийн орой парламентад суудалтай намуудын дарга болон Д.Дэмбэрэл гишүүнийг дуудаж уулзан, нэгэнт тангараг өргөсөн бол төрийн ажилд саад хийхгүй байхыг хатуухан сануулав. МАН-ын бүлэг УИХ-ын даргад нэр дэвшигч З.Энхболдыг хуралдаа оролцохыг хүссэн ч албан ёсоор байгуулагдаагүй бүлгийн хуралд очихгүй хэмээн гэдийв.
Өвөрхангайн тойргийн өвчин архагшжээ. Өмнөх УИХ-д сонгогдсон З.Энхболдын бүрэн эрхийн асуудлыг тойргийн хороо сунжруулж, шүүхээр шийдвэрлүүлснээр жил гаруйн гаруйн дараа тангаргаа өргөж байсан. Энэ Сонгуулийн хуулийг илт зөрчсөн С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын үйлдлийг нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхээс гэм буруутайг нь тогтоосоор атал давж заалдах шатны шүүхийн ам харсаар байна.
МАХН-ын дарга Н.Энхбаяр эвслийнхээ амжилтад сэтгэл ханасангүй. Тэрээр сонгуульд намын жагсаалтаар хүү Э.Батшугарын хамт бусад дөрвөн хүнийг нэр дэвшүүлсэн боловч СЕХ-ноос хууль зөрчсөн хэмээн бүртгэхийг татгалзсан. Тиймээс Үндсэн хуулийн цэцэд хандсаныг нь Дунд суудлын хуралдаанаараа хэлэлцээд үндэслэлгүй гэсэн шийдвэр гаргав. Гэвч аанай л өөрөө парламентад орж ирэхийн тулд “Шударга ёс” эвслийнхээ Ц.Цолмон, Ц.Оюунбаатар О.Баасанхүү нарыг түдгэлзүүлсээр байна.
УИХ-ын дарга З.Энхболд спикер болсныхоо дараа олонхигүй парламент гэхээрээ цөөнх нь хүсэл зоригоо тулгадаг байх албагүй. Хууль биелүүлдэггүй хүмүүсээс салах ёстой гэж үзэж байна гэж хатуухан мэдэгдэв. Түүнийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүлээн авч уулзан амжилт хүслээ. Төрийн байгуулалтын байнгын хороо МАН-гүйгээр байгуулагдлаа.
НИТХ-ын дарга Д.Баттулга барилгын ажил шинээр эхлүүлэхгүй байх шийдвэрийг 24-нд гаргалаа. Үүнийг НМХГ, Газрын албанд хүргүүлэв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн ерөнхийлөгчийн хооронд 2008 онд байгуулсан санамж бичгийн хэрэгжилт болон газар олголтын асуудлыг ИТХ-аар хэлэлцэхээр төлөвлөж байгаа тул энэ хугацаанд улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийх ажлаас бусад барилгын ажил шинээр эхлүүлэхгүй байхыг мэдэгджээ. Энэ талаар иргэдийн санал гомдол ч их байгаа.
МАН-ын Бага хурлын VI хуралдан гурван өдөр үргэлжилж, удирдлагууд нь бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. МАН-ын даргаар Ө.Энхтүвшин, ерөнхий нарийн бичгийн даргаар Г.Занданшатар сонгогдож, С.Батболд, У.Хүрэлсүх хоёр УИХ-д орж санаа амрав. Орон тооны нарийн бичгийн даргаар Ц.Мөнх-Оргил, Ж.Сүхбаатар, Т.Бадамжунай нар шинээр томилогдож, Ц.Сарангэрэл хэвээр үлдлээ. Шинэ дарга Ө.Энхтүвшин хэлэхдээ, МАН парламентын сөрөг хүчний хувьд эрх баригчдыг амлалтаа биелүүлэхийн тулд өдөр бүхэн шахаж шаардана гэв.
Улс төрийн үйл явдлууд долоо хоногийн эцсээр Лондоны олимпийн наадмын нээлт, эхний өдрүүдийн уралдаан тэмцээий сүр дуулианд дарагдлаа.
Х.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ