
Өнөөдрийн байдлаар 0,07 га газраа нийслэл хотын хувьд 91 мянга гаруй иргэн өмчилж авсан байна. Харин орон нутагт Монгол Улсын иргэн бүрт нэг удаа үнэ төлбөргүй олгох 0,07 га буюу 700 м2 газраа 12 мянга гаруй иргэн өмчилж авсан гэх мэдээллийг Нийслэлийн газрын албаныхан мэдээлж байна. 2012 оны хувьд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар нийт таван газрыг иргэдэд өмчүүлэх боломжтой гэсэн ерөнхий төлөвлөгөөг батласан байна.Үүнд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Дэлгэрбулангийн аманд 100 га, Хан-Уул дүүргийн Биокомбинатад 80 га, Налайх дүүрэгт 300 га, Багахангай дүүрэгт 160 га газрыг өмчлүүлэх төлөвлөгөө гарчээ. Иргэдэд шинээр газар өмчлүүлэхэд дээрх таван байршлыг Нийслэлийн газар зохион байгуулалтын газраас зааж өгсөн бөгөөд газар өмчлөл 2013 он хүртэл үргэлжлэх юм байна.
Улсаас нэг удаа үнэ төлбөргүй өгч байгаа 0,07 га газраа нийслэл хотын иргэд заавал нийслэлд авах албагүй. Өөрөөр хэлбэл нийслэл хотын иргэд хөдөө орон нутагт дээрх газраа ч авч болох аж. Харин орон нутгийн иргэд нийслэлд газар авч болохгүй, зөвхөн өөрийн харъяалалын газартаа юмуу эсвэл өөр аймаг суманд үнэ төлбөргүй газраа авч болох аж.
Хотын иргэд хөдөө орон нутагт газар авах нь сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа юм. Тодруулбал 2008-2009 онд нийслэлийн мянга гаруй иргэд аймаг сумдад 0,07 газраа авсан бол. 2011 онд 4200 болж,2012 оны эхний улирлаар 6000 гаруй иргэд хөдөө орон нутагт газраа өмчилж авсан байна.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ