Митт Ромни: Израйлийг Иранаас хамгаална

img

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Митт Ромни гадаад бодлогын хүрээнд гурван улсад айлчлал хийсний хоёр дахь зогсоол нь Израйль байлаа. Ромни ням гаригийн өглөө Израйлийн Иерусалимд Ерөнхий сайд Беньямин Нетаньяху болон Ерөнхийлөгч Шимон Перестэй уулжээ. Тэрээр Ираны уран баяжуулалт Израйлийн хувьд томоохон заналхийлэл болж буй гэдгийг хүлээн зөвшөөрч, АНУ Израйлийг бүрэн дэмжихээ илэрхийлсэн байна. Мөн Ираныг дэлхийн хамгийн самуун үндэстэн гээд, АНУ Ираныг зогсоох үүрэгтэй гэж үзэж байгаагаа дурьдсан юм. АНУ, Израйль болон Европын холбоотон орнууд Ираны уран баяжуулалтыг цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд ашиглаж байгаа гэж үзэж байгаа билээ. Харин Иран уран баяжуулалтаа энхтайван, эрүүл мэндийн салбарт ашиглах гэж байгаа хэмээсээр байна. Тэрээр яриагаа эхлэхдээ Иерусалимыг Израйлийн нийслэл шиг боддогоо хэлсэн нь Палестины албаныхны дургүйцлийг хүргэжээ. Палестины энхтайвны хэлэлцээрт оролцогч Саеб Эрекат “Ромнигийн хэлсэн үг нь манай аюулгүй тогтвортой байдал, энхтайванд заналхийлсэн” хэмээн AFP агентлагт ярьсан байна. Митт Ромнигийн айлчлалын эхний зогсоол Лондонд мөн л амжилтгүй өнгөрсөн билээ. Түүний Олимпийн зохион байгуулагчдын бэлтгэл ажилд эргэлзсэн байдал нь англичуудын дургүйцлийг төрүүлсэн юм. Түүний айлчлал өнөөдөр Польш улс руу үргэлжлэх бөгөөд Ромни үүнээс урьтаж сонгуулийн ажилдаа хандив цуглуулах арга хэмжээг Иерусалимд зохион байгуулах юм. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ