
Монголчууд олимпийн наадмаас медалийн горьдлого тавьдаг гол төрлүүдийн нэг нь жүдо. Тэр дундаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатарт илүү найдлага тавьж байсан билээ. Гэтэл өчигдөр олимпийн дэвжээнээ зодоглосон тэрээр эхний тойрогтоо Тайванийн бөхийг ялсан ч дараагийн тойрогт дэвжээний эзэн бөхөд юко үнэлгээгээр ялагдсанд монголчууд туйлын сэтгэл дундуур үлдсэн.
Зарим нэг нь түүнийг "Ингэх гээд байсан юм" хэмээн дайрч, давшлах өнгө аястай байгаа бол нөгөө хэсэг "Яах вэ дэ, ялагдаа л биз" хэмээн өмөөрч байна. Харин ялагдал хүлээсэн нь Х.Цагаанбаатарт амаргүй байсан мэдээж.
Тэрээр дэвжээнээс бууж ирээд бараг гуйвах шахам явж байснаа тэмцээн болж байсан цэнгэлдэх хүрээлэнгийн хонгилд суугаад өгчээ. Тэгснээ "Гүндэгмаа яасан бэ" хэмээн бусдаасаа асуусан байна. Учир энэ өдөр түүний эхнэр О.Гүндэгмаа эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны дасгалд оролцож, 380 оноо авч 18-р байрт жагссанаар уг тэмцээнийг өндөрлөөд байсан юм. Харин түүнийг 18-р байрт жагссаныг дуулсан тэрээр "18-рт уу" гэж хэлээд суусаар л байжээ.
Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ