
Лондоны олимпийн жүдо бөхийн төрлийн эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жингийн тэмцээн Узбекстан - Науру, БНСУ- Гүржийн бөхчүүдийн барилдаануудаар эхэллээ. Энэ жинд манай улсыг төлөөлөн ОУХМ С.Ням-Очир барилдах бөгөөд Улаанбаатарын цагаар 17.47 цагт Германы жүдочтой хүч үзнэ. Манай жүдоч эхний тойрогтоо хийлсэн ба улмаар Германы Кристофер Воелктэй барилдах юм.
Жиндээ чансаагаараа 5-д жагсаж буй манай бөх ОХУ-ын Мансур Исаевын тэргүүлэн барилдах “В” хэсэгт сугалаа таарсан. Кристофер Воелк нь Европын 20 хүртэлх насныхны АШТ-ий хүрэл медалийн эзэн. Жүдо бөх сонирхогч монголчууд маань түүнийг манай улсад зохиогдсон анхны Дэлхийн цомд ирж оролцохдоо С.Ням-Очирт хүрэл медалийн төлөө хожигдож байснынг санаж байгаа бизээ. Мөн энэ жил Парисын Их дуулгын алтан медалийн төлөө дахин учраа таарч манай жүдочид цэвэр ялагдаж байсан юм.
Н.Өрнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ