
ОУХМ Сайнжаргалын Ням-Очир эх орноо төлөөлөн жүдо бөхийн 73 кг-ийн жинд барилдаж олимпийн хүрэл медаль хүртлээ. Дэлхийн аваргын хошой мөнгөн медальт Нидерландын шилдэг жүдоч Декс Элмонтыг юко үнэлгээгээр ялснаар манай жүдоч ийнхүү эх орондоо Лондоны олимпийн анхны медалийг авчирлаа.
Манай бөх эхний тойрогтоо хийлж улмаар Германы жүдоч Кристофер Воелкийг вазари, юүко үнэлгээгээр ялсан юм.
Түүний дараагийн учраа нь Европын аваргын алт, мөнгөн медальт Укрианы жүдоч Владимир Сорока байсан бөгөөд түүнийг юүко үнэлгээгээр ялсан юм.
Улмаар хэсгийн аваргын төлөөх барилдаанд дэлхийн аваргын хүрэл медальт, ОХУ-ын жүдоч Мансур Исае манай бөх цэвэр ялагдаж торгуулийн барилдаанд АНУ-ын жүдоч Николас Делпополог юүко үнэлгээгээр ялж хүрэл медалийн төлөө барилдах эрхээ олж авсан.
Ингээд хүрэл медалийн төлөө дээр дурдсан Декс Элмонтыг илүүрхэн ялснаар олимпийн медалийг эх орондоо авчирлаа.
Ингэснээр манай улс Лондоны зуны XXX наадамд 204 улсын дундаас 23-р байран жагсаж эхэллээ. Монгол эх орны хүү Сайнжаргалын Ням-Очир Лондоны тэнгэрт алтан соёмбот төрийн далбаагаа ийнхүү мандууллаа.
Элгэн садан, эх орон нэгтнүүд бүгд түүнд баярлаж байна
Н.Өрнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ