Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олимпод оролцож буй тамирчидтай уулзав

img

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Лондон-2012” зуны олимпийн ХХХ наадамд оролцож буй Монголын баг тамирчидтай Стратфорд дүүрэг дэх Олимпийн тосгонд өчигдөр уулзлаа. Олимпийн тосгонд Монгол Улсын Ерөнхийлөгчийг Монгол Улсын Шадар сайд, “Лондон-2012” зуны олимпийн наадмын Монголын багийн ахлагч М.Энхболд, Монголын Үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Биеийн тамир спортын газрын дарга Ч.Наранбаатар нар угтав. “Лондон-2012” олимпийн наадамд манай улсаас спортын долоон төрөлд 29 тамирчин өрсөлдөж байна. Монголын тамирчид бэлтгэл сайн, сэтгэл санаа өөдрөг, амжилт гаргана гэсэн итгэл найдвар дүүрэн байгаагаа төрийн тэргүүнд хэлж байв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олимпод оролцож буй тамирчдадаа амжилт хүсч "олимпод улсаа төлөөлж оролцох нь чухал, амжилт гаргах нь бүр чухал" гээд Лондонгийн тэнгэрт төрийнхөө далбааг мандуулахыг тамирчдадаа уриаллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зочноор дагалдан явж буй Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Э.Бадар-Ууган нар мөн тамирчдад амжилт хүсэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ