Н.Энхбаярыг шүүх хурал болно
МАХН-ын дарга Н.Энхбаяр иргэн До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарт холбогдох хэргийг хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 10.00 цагт болно.
Хуралд даргалагч шүүгчээр С.Соёмбо-Эрдэнэ, шүүгчээр М.Алдар, С.Оюунчимэг, улсын яллагчаар Е.Сагсай, О.Мөнхбаатар нар, харин өмгөөлөгчөөр Г.Оюунцэцэг, Л.Өлзийхүү, Ц.Цэрэнжээ, К.Бауржан, С.Нарангэрэл нар оролцоно.
Эх сурвалжийн мэдээллээр академич С.Нарангэрэл өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд хүсэлт гаргажээ. Уг хүсэлтэд дурдаснаар шүүгдэгч Н.Энхбаярын холбогдсон хэрэгт мэдүүлэг өгсөн гэрч, хохирогч нарыг хуралд оролцуулах хүсэлт гаргасан байна.
Тэрбээр хэлэхдээ “Н.Энхбаярт холбогдох хэрэг нь улстөрийн захиалгатай, монголын нийгэмд айдас дагуулсан, маш олон хүнийг хоморголон шалгасан учраас маш төвөгтэй. Тэр бүү хэл МАХН-ын дарга Н.Энхбаярын эцэг, эхнэр, үр хүүхэд дүү нар болон ойр дотны бүх хүнийг шалгасан хэрэг.
Маш өргөн хүрээтэй мөрдлөгө явуулсан учраас гол гол гэрчүүдийг дуудаж авчирахгүй бол бодит үнэнийг тогтооход саад болно” гэсэн байна. Түүнчлэн эл хэрэгт хохирогчоор тогтоогдсон Гандантэгчинлэн хийд, Нийслэлийн өмчийн газар, МИАТ ХХК, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажилтнуудыг чухам яаж хохирсон эсэхийг тодруулахад хохирогчийг зайлшгүй хуралд оролцуулах шаардлагатай гэж үзсэн аж.
Мөн энэ хэрэгт шинжээчийн дүгнэлтээр асар их хохирол тогтоогдсон зэргийг шинжлэн судлах зэргээр хэлэлцүүлгийг нэг талыг барьж явуулахаас зайлсхийх ёстой гэсэн байна.
Хэрэв нэг талыг барьсан хэлэлцүүлэг шүүхийн явцад гарвал дараагийн шатны шүүхэд уг шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй аж. Тийм учраас шүүхэд туслаж шүүхийн тогтоолыг хууль ёсны үндэслэлтэй гаргах үүднээс заавал биечлэн оролцох ёстой гэрч хохирогчийг оролцуулах ёстой гэж академич С.Нарангэрэл үзэж байгаа аж.
Шүүх гэрч хохирогчийг хуралд оролцуулах хүсэлтийг хүлээн авахгүй шүүгдэгч Н.Энхбаярыг хорих шийдвэр гаргавал дараагийн шатны шүүх хурлаар эл шийдвэр шууд хүчингүй болгох үндэслэлтэй аж.
Өнгөрсөн хугацаанд академч С.Нарангэрэл хэрэгтэй танилцаж бүх нотлох баримтыг шинжлэн судлахад хууль бусаар хуурмаг зохиомол нотлох баримт хүртэл байгаа шинж илэрчээ.
Тэрбээр “Эл хэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл байхгүй. Дараагийн шүүх хуралд прокурортой мэтгэлцэнэ. Тэрхүү мэтгэлцээнд бэлтгэсэн. Одоогоор өмгөөллийн үгийг бэлтгэж байна” гэсэн байна. Түүнчлэн Н.Энхбаярын өмгөөлөгчид гаргасан хоёр дахь хүсэлтэд шүүхээс "Олон нийтэд уг хэргийн шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт гаргасан боловч боломжтой танхимыг судалж байна. Хоёрдугаарт, шүүх хурлыг шууд дамжуулах тухай шүүхийн хуульд заагаагүй учир хариу өгөх боломжгүй" гэсэн хариултыг шүүхээс өгчээ. Өмнө нь буюу энэ сарын 18-ны өдөр товлогдсон уг хуралд Н.Энхбаяр өмгөөлөгчөөр ажиллаж байсан О.Сайнгэрэлийн хүүхдийн бие өвдсөн тул тэрбээр Гавьяат хуульч С.Нарангэрэлийг сонгосон юм. Тиймээс академич С.Нарангэрэл шүүхэд хавтаст хэрэгтэй танилцах хугацаа өгөхийг хүссэн билээ. Эл хүсэлтийн дагуу шүүх хурал өнөөдрийг хүртэл хойшлоод байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ