
Колорадо мужид долдугаар сарын 20-ны орой кино театрт " Бэтмен" киног үзэж байсан хүмүүсийг буудаж, олон хүний аминд хүрсэн Жеймс Холмс гэгч этгээд нийт 142 зүйл заалтаар буруутгалаа. Зохион байгуулалттай хүн амины хэрэг болон маш хайхрамжгүй байдлаар аллага үйлдсэн гэсэн хоёр заалтыг алагдсан 12 хүн, шархадсан 58 хүн тус бүрээр оноосон байна.
Хэрвээ буруутай нь тогтоогдвол түүнд цаазаар авах ял оноож магадгүй байна.
Даваа гаригт болсон шүүх хуралд гэрэл зураг авч, бичлэг хийхийг хориглосон юм.
“Денвер Пост”-ын сэтгүүлчийн мэдээлснээр Холмс шүүх хуралд тийм их анхаарал хандуулаагүй боловч сонсож байсан гэнэ.
Тэрээр неврологийн чиглэлээр сурч байгаад орхисон Колорадогийн их сургуульдаа сэтгэлзүйчийн хяналтад байсан нь баасан гаригт ил болсон юм. Тэрээр сэтгэлзүйч рүүгээ аллагын талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, зургаар илэрхийлсэн тэмдэглэл илгээсэн нь хэрэг гарснаас гурав хоногийн дараа олдсон билээ.
Сэтгүүлчдийн хэлж байгаагаар хэрэгтэнг сэтгэцийн өвчтэй хэмээн мэдүүлж магадгүй байгаа аж.
Цаазаар авах ял оноох эсэхийг шийдэхийн тулд дахин хэдэн долоо хоног авч магадгүйг яллагч нар хэлсэн байна.
Ням гаригийн байдлаар шархдагсдын 10 хүн эмнэлэгт хэвтсэнээс дөрвийнх нь биеийн байдал хүнд байгаа юм.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ