
Долдугаар сарын 30. Одоогоос 32 жилийн өмнөх яг энэ өдөр, жүдо бөхийн яг энэ жинд гавьяат тамирчин Равдангийн Даваадалай “Москва-80” олимпийн хүрэл медалийг хүртэж байсан бол ДАШТ-ий 5-р байрын шагналт Сайнжаргалын Ням-Очир түүхийг давтаж, Лондонгийн олимпийн хүрэл медальд хүрлээ. Р.Даваадалай гавьяат Москвагийн татамид зохион байгуулагч орны бөх Тамаз Намгалаури, Кубийн Рикардо Туэро Хименес нарыг ялаад хагас шигшээд Италийн Эцио Гамбад хожигдон, медалийн төлөө Францын Кристиан Диотыг буулган авч байсан юм.

Харин С.Ням-Очир маань Германы Кристофер Фоэлк, Украины Володимир Сорока нарыг ялаад ОХУ-ын Мансур Исаевт дийлдсэн ч АНУ-ын Николас Делпополо, Голландын Декс Элмонт нарыг хожлоо. Р.Даваадалайг ялсан Эцио Гамба тэр олимпод түрүүлсэн бөгөөд өдгөө ОХУ-ын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж буй. Улмаар түүний барилдаж байсан жингийнх нь тамирчин М.Исаев багшийнхаа амжилтыг давтаж, олимпийн аварга болохдоо мөн Монголын бөхийг ялсан нь энэ.
Өөр нэг баримт өгүүлэхэд 4 жилийн өмнө Бээжингийн олимпийн 81 кг-д С.Ням-Очирын үеэл ах Д.Нямхүү эхний тойрогт Голландын Гильям Элмонтод торгуулиар хожигдож байв. Харин энэ олимпод С.Ням-Очир Гильямын дүүгээс нь ахынхаа хариуг авч, медалийн тавцанд гишгэлээ.
www.bukh.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ