
Жүдо бөхийн 73 кг-ын жинд манай тамирчинтай эхний тойрогт таарсан Германы Кристофер Фоэлкийн сэтгэгдлийг уншигчдадаа хүргэе. Энэ тамирчин энэ жил Парисын их дуулгад С.Ням-Очиртой аваргын төлөө барилдаж байсны зэрэгцээ Монголд зохиогддог “Чингис хаан” Дэлхийн цомд ирж оролцон, монголчуудын танил болсон нэгэн юм.
Тэрээр “Би Монголын бөхтэй урьд нь гурав таараад бүгдэд нь хожигдсон. Би түүний барилдааныг сайн мэдэх ч үнэндээ яаж ялахаа мэдэхгүй байлаа. Миний ялж болох ганц зам нь торгуулиар хожих байсан. Дэвжээнд гараад барилдахад С.Ням-Очир урьд өмнөхөөсөө ч илүү хүчтэй болсон санагдсан. Хэрвээ би алдаа гаргавал өрсөлдөгч маань алдалгүй ашиглана гэж мэдэж байсан учраас аль болох хий гаргахгүйг хичээсэн. Гэвч бүтэн таван минутын турш Монголын бөхийн довтолгоог үнэлгээ алдалгүй хамгаална гэдэг хэцүү. Тэр хүчтэй тамирчин гэдгээ нотолж медаль хүртсэн” хэмээн ярьжээ.
Түүнээс Германы жүдогийн шигшээ багийн тамирчдын талаар асуухад “Хөнгөн жингийнхэн маань залуучууд түлхүү байгаа. Харин үлдсэн өдрүүдэд туршлагатай жүдочид маань гарна. Хоёр медаль авчих болов уу гэж найдаж байна” хэмээн өгүүлсэн юм.
www.bukh.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ