
Энэ асуулт монголчуудын аман дээр гарч ирээд байна. Яагаад гэвэл өмнөх хамтарсан Засгийн газрын өнгөнд Монгол Улсын иргэн бүрт Тавантолгойн хувьцаанаас 536 ширхгийг үнэгүй эзэмшүүлнэ гэж амласан. Тэгэхэд Н.Алтанхуяг тэргүүн шадар сайдаар ажиллаж байлаа. Одоо АН-ын дарга мань эр УИХ-ын сонгуулийн үр дүнгээр Ерөнхий сайд болох нь нэгэнт тодорхой болов. Аливаа Засгийн газар залгамж чанараа зохих хэмжээгээр хадгалдаг. Тэгэхээр Н.Алтанхуяг ард түмнийхээ өмнө авлага, өглөгөө жигдрүүлэх учиртай болж байна. Уг нь АН-ынханд өмч хувьчлалыг эхлүүлсэн, эрчимжүүлсэн сайхан туршлага бий.
Миний үеийнхэн хувийн өмчид дайн зарласан социализмын үед өсч өндийсөн. Азаар 1990 онд ардчилсан хувьсгал ялж, шинэ Үндсэн хуулиа батлан хүмүүнлэг ардчилсан зах зээлийн нийгэм байгуулах замыг сонголоо. Хүн болгон хувийн өмчтэй болж, түүнийг хуулиар хамгаалах болов. 70 жилд босгосон социализмын материал техникийн баазаа хуваан авч, ёстой л эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй хөрөнгөжих замын эхэнд толгойтой болгонд өмч хувьчлалын ягаан тасалбар, хөрөнгө оруулалтын цэнхэр эрхийн бичиг тараасан юм.
Хоёрхон жилийн дотор 300 гаруй нэгдэл, 30 шахам сангийн аж ахуйн мал сүрэг, тарактор комбайнаас эхлээд нэгдлийн гуанзны халбага, сэрээ хүртэл хувьчлагдав. Эхнэрээ амаржихад шөлний төлөгний мэдэлгүй байсан нэгдлийн гишүүд, нэгдэлжих хөдөлгөөнөөр малаа нийгэмчилсэн хүмүүсийн үр сад бүгдээрээ малжив. Харин ягаан, цэнхэр тасалбараа юман чинээ бодоогүй олон хүн гарын салаагаар урсгаж, нарийн учрыг түрүүлж ухаарсан цөөнхийн идэш болгосон нь хожим баян, ядуугаараа ялгарах эхлэлийг тавьсан юм.
Удалгүй улсын хэмжээгээр 475 том, жижиг улсын үйлдвэрийн газрыг хөрөнгө оруулалтын эрхийн цэнхэр бичгээр хувьчлахад аанай л амаа ангайж, архи пиво, арьс шир, ноос ноолуур, мах сүүний хэдхэн том комбинатад оруулсан болж, нэлээд хэсэг нь брокерийн пүүсүүдийн гараар орох нь тэр. Дэл сул ягаан, цэнхэр тасалбар цуглуулж, их хувьчлалаар хөрөнгөжсөн гучаад гэр бүл одоо ноёрхлоо тогтоожээ. Төр, засгаас орон сууцыг хувьчилсны дараа иргэдэд газрыг өмчлүүлэх шийдвэр гарч, одоо 10 хүрэхгүй хувьтай их л хойрго хэрэгжиж байна. Гэтэл хотод газрын үнэ тэнгэрт хадаж, газрын наймаа гаарч байдаг.
Хот суурин газрын нэг иргэнд 0,07 га өмчлүүлэх хуулийн дагуу бол Монголын хүн ам 27 саяд хүрсэн ч газар нутгийн дөнгөж нэг хувь нь өмчлөгдөх юм. Алсыг харсан зарим эрхэм гишүүний санаачлагаар газрыг иргэдэд 2018 он хүртэл өмчлүүлэхээр хуульчилж, улсын баатар Э.Бат-Үүл тэргүүтэн нийслэлийн гэр хорооллынхонд хашааны газрыг нь амин зуулгынх нь үндэс болгох амлалтаар НИТХ-д олонхи болсон. 1996-2000 онд “Ардчилсан холбоо” эвсэл засгийн эрхийг барьж байхдаа өмч хувьчлалыг эрчимжүүлж, хотынхон орон сууцаа үнэ төлбөргүй хувьчилж авсан болохоор төв, суурин газрын иргэд мал ч үгүй, байр ч үгүй хоцорсон болохоор улсын баатрын дээрх амлалт нүдээ олсон шийдвэр мөн. Түүнийг эрхэм гишүүн Лу.Болд сертификатаар баталгаажуулна гэсэн нь бүр ч оновчтой хэлбэр болов уу.
Өнгөрсөн дөрвөн жилд НИТХ дахь АН-ын есөн хүнтэй бүлэг нэлээд жинтэй ажиллаж, ялангуяа Хан-Уул дүүрэгт тэр чигээрээ ялалт байгуулсан тус намынхны амжилт өнөөдөр нийслэлийг байлдан дагуулах гол түшиц газар болсон гэдгийг УИХ, НИТХ-ын сонгуулийн үр дүн давхар харуулж байна. Үүнийг АН-ын удирдлагаас эхлээд гишүүд дэмжигчид нь ч үнэлж байгаа.
Сонгуулийн өмнө С.Батболдын Засгийн газар өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хувь хишгийн нэг сая төгрөгийг өгнө гэсэн авч Сангийн сайд Д.Хаянхярваагийн нэр дэвшсэн Дархан-Уул болон Дундговь, Архангай аймгийн тэтгэврийнхэнд 660 мянгыг олгоод сангийн данс улайсан. Одоо “Хүний хөгжил” сангийн мөнгөө бэлнээр авсан буюу сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгал, орон сууцны зээлд зарцуулсан хүмүүс наймдугаар сарын нэгний дотор оршин суугаа хорооныхоо нийгмийн ажилтанд өргөдөл өгсний үндсэн дээр Тавантолгойн хувьцаагаа эзэмшиж болох юм гэсэн зар тарааж, иргэдийг хөөрхөн бужигнуулав.
Уг нь өмнийн говиос дэлхийн чихийг дэлдийлгэсэн зэс, нүүрсний асар том орд илэрч, эхлээд Оюутолгой, дараа нь Тавантолгой гадаадынхны арааны шүлсийг асгаруулж, их мөнгөний үнэр ханхийсэн. Ингээд өмнөх УИХ-ын 39 дүгээр тогтоолд Тавантолгойн нүүрсний ордод үйл ажиллагаа явуулах “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн охин компани болох “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит ХК байгуулж, “компанийн хувьцааны 50 хүртэлх хувийг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх, дотоод, гадаадын хөрөнгийн биржээр арилжаалахдаа Монгол Улсын нийт иргэнд эхний ээлжинд хувьцааны 10 хувийг адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүйгээр нэг удаа эзэмшүүлэх, 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд адил тэнцүү хэмжээгээр нэрлэсэн үнээр худалдах, 29 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр худалдаж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах” гэж заасан билээ. Гэтэл хувь хишгийн үлдэгдэл сая төгрөг ум хумгүй нэхэгдэхийн даваан дээр мөнөөх үнэ төлбөргүй эзэмшүүлэх 536 ширхэг хувьцааны тоог 1072 болгож мөнгө, хувьцаа хоёрынхоо аль нэгийг сонгох ацан шалаанд оруулсан нь өнөөдрийн холион бантангийн эх үүсвэр болсон юм.
Ер нь газрын баялгийг ард түмэнтэйгээ хуваалцах хамгийн сайн арга бол Хөрөнгийн биржээр дамжуулан иргэддээ хувьцаа эзэмшүүлэх явдал билээ. Манай Хөрөнгийн бирж 1991 онд байгуулагдаж, 1995 оноос үнэт цаасны арилжаа эрхэлж эхэлсэн ч хөлд ороогүй, хөрөнгийн зах зээл хөгжөөгүй байна. Гэтэл нас чацуу Варшав, Будапештийн бирж олон улсын энд хэдийнэ хүрчээ. Иймээс хоёр жилийн өмнө Лондоны хөрөнгийн биржтэй удирдлага, зохион байгуулалтын түвшинд хамтран ажиллаж, төлбөр тооцооны системийг дэлхийн стандартад хүргэх, дотоодын хөрөнгийн зах зээл дэх хөрөнгө оруулалт, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэн хөрвөх чадварыг сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах стратегийн түншлэлийн гэрээ байгуулж, олон улсын стандартад нийцсэн мэдээлэл, арилжааны технологи нэвтрүүлэхээр ажиллаж, зарим ахиц дэвшил гарч байна. Энэ бол цаад утгаараа Тавантолгойн хувьцааг иргэдийн гар дээр тавихад нэг алхам ойртож байна гэсэн үг.
Эцэст нь Тавантолгойн хувьцааг өгөх гэнэ үү гэсэн асуулт монголчуудын амнаас ам дамжин шинэ Засгийн газрын хаалгыг татах нь ээ.
Х.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ