Топ модель Э.Сэлэнгэ: Би яагаад дэлхийн топ модель болж болохгүй гэж

img

“Шилмэл загвар”-ын ордноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Mongolian beauty-2012” тэмцээн энэ сарын сүүлээр болно. Үндэсний хэмжээнд хоёр дахь удаагаа зохион байгуулж буй уг тэмцээнээс олон улсын мисс болон моделийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох охид залуусыг шалгаруулах юм. Энэ талаар “Шилмэл загвар”-ын ордны багш, топ модель Э.Сэлэнгэтэй уулзаж ярилцлаа. “Гоёл-2010” наадмын “Шилдэг загвар өмсөгч”, “Гоёл-2011” наадмын топ модель болсон тэрбээр “Asian super model-2009” тэмцээнд амжилттай оролцож Азийн супер 10 загвар өмсөгчийн нэгээр шалгарч байсан удаатай. Үүнээс гадна “Miss Mongolia-2008” тэмцээнээс “Best Model Miss” өргөмжлөл хүртэж, “Монголын гоо үзэсгэлэн дэлхийн тавцанд-2010” реалити шоунд түрүүлсэн бөгөөд өнгөрсөн жил “Super model of Asia Pacific-2011” тэмцээний “Best Catwalk” өргөмжлөлийг хүртэж байлаа. Хамгийн сүүлд топ бүсгүй "Miss Yacht Model International-2011" тэмцээнд амжилттай оролцож, шилдэг 15-д багтсан билээ. -Сүүлийн үеийн сонин сайхнаас тань хуваалцья. Өвөрмонголын Шилийн гол аймагт багшилж байгаад ирсэн гэл үү? -Уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Наадмын өмнөхөн Өвөрмонголын Шилийн гол аймгийн Хувцас заслын бүлгэм буюу Соёлын төвд 14 хоногийн хугацаанд загварын хичээл заалаа. Тэнд  урьд нь энэ төрлийн сургалт явагдаж байгаагүй юм билээ. Тиймээс би нэлээд их ачаалалтай ажилласан. Шилийн гол аймгийн дунд сургуулийн сурагчид болон “Улаан мөчир” клубын мэргэжлийн жүжигчид, бүжигчдэд багшилсан. Үүний хажуугаар “Манжуурын мисс-2012” тэмцээнд оролцох охидод хичээл зааж байлаа. Загварын хичээл анх удаа орж байгаа учраас хүүхдүүд маань их идэвхтэй, хичээл заахад хүртэл урамтай санагдсан шүү. Тэнд би олон сайхан хүмүүстэй танилцсан. Өвөрмонголчуудын эх орноо гэх зүрх сэтгэл, үзэл бодол надад үнэхээр тод мэдрэгдсэн. Тиймээс халуун дотно, хамаатан садныхаа хүмүүстэй уулзаж байгаа юм шиг л сэтгэл өндөр явлаа.  Шавь нар маань монгол туургатны үндэсний хувцасны фестивальд оролцож, гуравдугаар байрт шалгарсан гэсэн. Би орчин үеийн хатдын хувцас загварын коллекц, уламжлалт үндэсний хувцасны коллекц гэсэн хоёр төрлөөр охидоо бэлтгэсэн юм. Алхааны техник, хувцас үзүүлэх чадвар, жүжиглэлт гээд бүх тал дээр нь ажилласан. Ийм амжилт гаргасанд нь үнэхээр их баярлаж байна.  Багшийн хувьд, нэлээд хөдөлмөр зүтгэл гаргасны минь үр дүн энэ болов уу. -“Mongolian beauty-2012” тэмцээн нэлээд олон онцлогтой байх нь. Хаана зохиогдох вэ? -Зохион байгуулалтын ажил ид дундаа орчихсон. Сүүлийн шатны шалгаруулалт буюу финалын тэмцээн энэ сарын сүүлээр Богдын музейд болох юм. Өнгөрсөн жилийн хувьд, энэ тэмцээнийг “Asian super model-2011” тэмцээнд эх орноо төлөөлж оролцох загвар өмсөгчийг шалгаруулах зорилгоор зохион байгуулж байсан.  Харин энэ удаа олон улсын мисс болон моделийн тэмцээнд эх орноо төлөөлж оролцох эрэгтэй, эмэгтэй загвар өмсөгчдийг шалгаруулна. Энэ тэмцээнээр дамжуулан өсөх ирээдүйтэй загвар өмсөгчийг гаргах, залгамж халаагаа бэлтгэх тал дээр илүү анхаарч ажиллаж байгаа. Реалити шоу маягаар зохион байгуулаагүй учир тэмцээний талаархи мэдээллээ хамтарч ажиллаж буй телевизүүдээр гаргаж эхэлсэн. Сүүлийн шатанд 21 оролцогч тунаж үлдэнэ. Охидын хувьд алхааны техник, хувь хүний хөгжил, маркетинг, хувцаслах соёл, бүжгийн хичээл гээд загвар өмсөгч төдийгүй хувь хүн талаасаа хөгжиж, суралцах сургалтуудад хамрагдаж байгаа нь бас нэгэн давуу тал. -Нийт хэчнээн охид бүртгүүлсэн бэ, одоо хэд нь үлдсэн бол? -100 гаруй хүүхэд бүртгүүлснээс 25 нь үлдсэн. Эцсийн шатны тэмцээнд Буриадын загвар өмсөгч охид нэмэгдэнэ. Энэ нь тэмцээний өрсөлдөөнийг нэмэгдүүлж, үнэ цэнийг улам бүр мэдрүүлж байгаа болов уу. -Олон улсын тавцанд өрсөлдөх мисс, мистерүүд тодорно гэхээр нэлээд өндөр шалгуур тавих нь мэдээж? -Тийм ээ, бид залуу загвар өмсөгчийг гаргахаас гадна дэлхийн тавцанд эх орноо төлөөлж, нүүр хуудас нь болох чансаатай моделиудыг шалгаруулах гээд шаргуу бэлдэж байна. Хүн болгон төгс байх албагүй. Хамгийн гол нь өөрсдийгөө дайчилж, хэн нь илүү хичээл зүтгэл гаргаж, бусдаас ялгарч чадсан нь ялагч болох учиртай. Одоогоор хэн нэгнийг онцлоогүй, ямар ьэ гэдгийг нь   тодорхойлоход ч бэрх. Оролцогчид маань маш их хичээж байгаа. Энэ тэмцээнээс олон улсын мисс   болон моделийн тэмцээнд өрсөлдөх оролцогчдыг есөн номинацид тодруулна. Тухайлбал, тэмцээний үндэсний ялагчаар тодорсон оролцогч БНХАУ-ын Наннинг хотноо болох “Asian super model contest-2012” тэмцээнд өрсөлдөх эрх гардана. Харин удаах байруудад шалгарсан оролцогч охид “Vancouver fashion week” /Vancouver Canada/, “Miss tourism Queen international” /Malaysia/, “Miss tourism international” /Kuala Lumpur, Malaysia/, “Miss global city pageant /Taiwan/, “Miss tourism Queen of the year international / China/ зэрэг тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болох юм. -Мисс, загвар өмсөгч гэсэн ойлголт хоорондоо маш их ялгаатай гэлцэх нь бий. Тэгвэл энэ тэмцээнээр дээрхи хоёр ойлголтыг нэгтгэж өгөх нь ээ? -Тэгэлгүй яахав. Ийм ойлголт их байдаг. Моделийн тэмцээн загвар өмсөгчийн хувцас амилуулах чадвар, алхааны техник дээр тулгуурлаж байдаг бол, миссийн тэмцээн тухайн оролцогчийн   өөрийгөө илэрхийлэх чадвар, авьяас билэг дээр тулгуурладаг. Мисс болон моделийн тэмцээний шалгуур ерөнхийдөө адилхан байдаг. Оролцогчид гоо зүйн болон биеэ авч явах чадвар гээд бүхий л талаар өөрсдийгөө илэрхийлэх чадварыг харуулж байдаг учраас энэ хоёр тэмцээнийг нэг дор зохион байгуулснаараа бид нэг сумаар олон туулай “буудаж” байгаа хэрэг. -Яагаад заавал Богдын музейг сонгосон гэж? -Монголын гоо үзэсгэлэн, загварын залгамж халаа, олон улсын тавцанд эх орныхоо нэрийн хуудас болох оролцогчийг шалгаруулж байгаа учир үндэсний хэв маягаа түлхүү харуулахыг хичээсэн.  Тухайлбал оролцогчдын усны хувцас, гоёлын даашинз, үндэсний хувцасны үзүүлбэрүүд дан үндэсний хэв маягыг тодотгож байгаа тул энэ газрыг сонгосон. Өнгөрсөн жилийн тэмцээнийг тэнд зохион байгуулахад хүмүүс маш гоё хүлээж авсан. Монгол үндэсний хувцас гоёл нь монгол ёс зан заншилтайгаа холбогдож, үндэсний хөгжимтэй хослохоор үнэхээр төгс харагддаг. Тиймээс охид маань морин хуур, ятга, шанзны аялгуун дор үзүүлбэрүүдээ сонирхуулна. Өөр газарт тэмцээн зохион байгуулах сонголт их байсан, санал тавьсан газрууд ч олон. Тэр болгонд баярлалаа гэж хэлмээр байна. -Олон улсын тэмцээнд монголжуу төрхтэй охидыг сонгох нь элбэг байдаг гэлцэх юм. Энэ тал дээр ямар нэг шалгуур тавих уу? -Зарим охид царай төрхөө анхаарч, энэ талаар асууж лавлаж байгаа нь сонсогддог. Бид оролцогчдын гоо зүй, биеийн харьцаа, хэлний мэдлэг, авьяас чадвар, хувь хүний хөгжил, хувийн зохион байгуулалтыг шалгуур болгохоос бус эрлийз төрхөнд ач холбогдол өгөөгүй. -“Дэлхийн мисс” тэмцээнд оролцох охидыг хаанаас, яаж сонгодог юм бэ? -Дэлхийд томоохонд тооцогддог “Miss Universe”, “Miss World”, “Miss International” гэсэн гурван тэмцээн бий.  “Miss Universe” бол тэрбумтан Дональд Трампын зохион байгуулдаг тэмцээн учир шалгуур, оролцогч, зохион байгуулалт гээд бүхий л зүйл нь өндөр түвшинд байдаг юм билээ.  Одоогоор манай улсаас тус тэмцээнд оролцоогүй байгаа. Гэхдээ тун удахгүй оролцох боломж нээгдэнэ, монгол охид маань амжилт гаргаж чадна гэдэгт итгэлтэй байна. “Miss World” тэмцээнд манайх 2006 оноос эхэлж “Desoft” студиэс зохион байгуулсан тэмцээний дагуу оролцох болсон. Гэвч сүүлийн жилүүдэд энэ тэмцээн зохиогдохоо больсон. “Miss World” тэмцээнд оролцох үндэсний ялагчийг тодруулахгүй, хэн дуртай нэгнийг шууд сонгож байгаад сэтгэл дундуур явдаг. Бусад орны хувьд, үндэсний ялагчаа тодруулах маш том тэмцээн зохион байгуулдаг. Гэтэл нэг хүний эрх мэдэл дор уг тэмцээний оролцогчийг дур мэдэн сонгож, хувийн ашиг сонирхлын үүднээс  зохицуулна гэдэг  манай улсын нэр хүндийн хувьд байж боломгүй асуудал. “Шилмэл загвар”-ын ордны хувьд “Miss Mongolia” холбоотой хамтран жил бүр зохион байгуулж, “Miss International” тэмцээнд оролцох  үндэсний ялагчийг албан ёсоор тодруулж байдгаараа онцлогтой. Шударга өрсөлдөөн, өндөр шалгуураар шигшигдэж гарч ирсэн үндэсний ялагч маань олон улсын тавцанд эх орноо төлөөлөх их нэр хүнд, урам зоригоос гадна үүрэг хариуцлагаа ухамсарлаж явдаг юм. -Тэгвэл таны хувьд, ойрын хугацаанд оролцохоор төлөвлөсөн олон улсын тэмцээн бий юу.   Өнгөрсөн жил хоёр ч тэмцээнд амжилт гаргаад ирсэн шүү дээ? -Би дөнгөж 20 настайдаа топ модель болсон. “Сайны хажуугаар саар” гэхчилэн энэ шагналыг авахад зарим хүмүүс “Ийм жаахан байж топ модель боллоо. Арай болоогүй байсан юм” гэх мэтээр шүүмжилсэн. Өөрөөр хэлбэл, тэр их урам зоригоос гадна надад маш том үүрэг хариуцлага ирж байсан л даа. Тийм учраас би өөртөө маш том зорилго тавьсан хэрэг. “Би монголын топ модель боллоо, тэгвэл яагаад дэлхийн топ модель болж болохгүй гэж. Ядаж би Азидаа гарч ирье л дээ” гэж зорьсны үндсэн дээр олон улсын тэмцээнд маш идэвхтэй оролцсон. Өөрийгөө ч их дайчилсан. Энэ болгонд тодорхой хэмжээний амжилт үзүүлж, олон зүйлийг сурч мэдэж, ойлгож ухаарсандаа өөрөөрөө бахархсан гэж хэлж болно. Ямар ч байсан, тодорхой хэмжээнд эх орныхоо нэрийг гаргаад ирсэн учраас их баяртай байгаа. Цаашид өөрийгөө хөгжүүлэх, сурч мэдэх, хийж бүтээхээр бодож төлөвлөсөн зүйл багагүй бий. Одооохондоо ямар нэгэн тэмцээнд оролцоно гэсэн тодорхой төлөвлөгөө алга. Тэгж байгаад нэг “часхийсэн” том тэмцээнд оролцоно оо, өөрийгөө ч байнга бэлдэж байна. “Шилмэл загвар”-ын ордонд багшлахын хажуугаар МДХ-ны гэрээт моделиор ажиллаж байгаа учраас би байнгын бэлтгэлтэй явдаг. Мэргэжлийн модель, багш гэдэг утгаараа би зөвхөн гоё байгаад зогсохгүй бусдад үлгэр дуурайлал болох ёстой. Шавь нар маань миний үйл хөдлөл, үг яриа гээд бүх зүйлээс суралцаж байгаа учраас надад өндөр хариуцлага оногдсон. -Сэтгүүлч мэргэжил эзэмшсэн топ бүсгүй цаашид энэ чиглэлээр ажиллах уу. Гадаадад сурна гэсэн тань юу болов? -Олон улс судлалын дээд сургуулийг сая сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Сургуулиа амжилттай төгсч, эхний даваагаа давж чадсандаа сэтгэл хангалуун байна. Цаашид өөрийгөө хөгжүүлэх тал дээр анхаарч олон улсын томоохон сургуульд суралцах төлөвлөгөөтэй байгаа. Энэ жил арай л амжсангүй. Гэрийнхэн маань “Эндээ нэг жил ажиллаад тодорхой хэмжээний туршлага хуримтлуул” гэж зөвлөсөн. Сургууль төгссөн даруйдаа шууд ажиллана гэхэд арай болоогүй байна. Загварын  салбарт анхаарлаа төвлөрүүлж байгаад дараа нь сэтгүүлчийн мэргэжлээр ажиллалгүй яахав. -Энэ их ажлын хажуугаар өөртөө цаг гаргаж чаддаг уу. Байнга завгүй явах нь бараг дасгал болчихдог байх? -Цагийн хуваарийн дагуу ажлаа зохицуулж, өдөр бүр фитнессээр хичээллэдэг. Хөдөлгөөн хүнийг эрч хүчтэй байлгаж, амьдралын зөв хэмнэлд сургадаг. Хөдөлгөөн удаашраад ирэх ч юмуу ажил багасаар ирэхээр жаахан залхуурах маягтай болдог шүү дээ. Тэгээд ч завгүй байх тусмаа хүн маш их ажлыг амжуулдаг. Би бас зөв хооллолтын дэглэмийг амьдралдаа хэвшил болгосон. “Өглөөний хоолыг өөртөө, өдрийн хоолыг найздаа, оройн хоолыг дайсандаа өг” гэдэг шүү дээ. Одоо яг л ийм хэмнэлээр явж байна. Нэг үеэ бодвол, бие галбирын хувьд жаахан өөрчлөлт орсон байна. Хөдөлгөөн багасахаар таргалах шинжтэй. Тиймээс зөв хооллолт, байнгын хөдөлгөөнөөр биеийн жингээ барьдаг. Хэт туранхай байвал муухай. Биеийн хөгжил өв тэгш, булчин чанга байж л модель хүний хувьд зөв харьцаа гарч ирнэ. -Ямар үед дотоод ертөнцөө илүү мэдэрдэг вэ? -Ганцаараа байхдаа. Аливаа шийдвэр гаргахад зөвхөн өөрийнхөө зүрх сэтгэл, оюун ухааныг дагана.   Аль нэгийг нь дагавал буруу шийдвэрт хүрнэ шүү дээ. Тиймээс аль алиныг нь сонсч, мэдрэх ёстой байх. Би ганцаараа байх үедээ дотоод ертөнцөө илүү мэдэрч, бясалгаж, тайвширдаг. Нэг хэсэг иог, бясалгалаар хичээллэсэн ч үргэлжлүүлж чадаагүй. Гэхдээ багахан хугацаанд үр дүнг нь мэдэрсэн шүү. Би ер нь багаасаа л дотоод хүнээ сонсдог, гаргасан шийдвэртээ үнэнч байж чаддаг байсан. “Өөрөө өөрийгөө нээнэ” гэж ярьдаг шүү дээ. Өөрийгөө сонсч, өөртэйгээ харьцаж байж л аливаа саад бэрхшээл, асуудлыг давна. Гэр бүлийнхээ хүмүүсийн зөвлөгөөг сонсдог ч гэлээ, ихэнх хувьд нь өөрийнхөөрөө шийдэлд хүрдэг гэсэн үш. -Найр хуримын цаг ойртож байна. “Шилмэл загвар-ын ордонд ч хуримын загварууд дэлгээд хэн хүний харааг булааж байх шиг. Эмэгтэй хүний хувьд, хуримын мөрөөдөл тань маш гоё байдаг биз? -Тэгэлгүй яахав. Эмэгтэй хүн бүр л чамин даашинз өмсөөд сайхан хурим хийхийг мөрөөддөг шүү дээ. Миний хувьд ч тэр, амьдралынхаа хамгийн аз жаргалтай үеийг мөрөөдөж төсөөлсөн зүйл бий.  Сүүлийн үед загвар, ажил, хичээл, гэр бүл гэхээс гадна ирээдүйн хань, үр хүүхдийн тухай бодол өөрийн эрхгүй толгойд эргэлдэх болж. Үерхэл нөхөрлөлийн тал дээр ч илүү нухацтай ханддаг болсон. Хамгийн гол нь амьдралынхаа ханийг зөв таньж, сонгох юмсан гэж хүсдэг. Тэр хүнтэйгээ насан туршдаа амьдарна. Үүнээс гадна би өөрөө зөв хүн байх ёстой. Миний ирээдүйн амьдрал, хань ижил маань надаас шалтгаалах учир өөртөө илүү анхаарч байна. “Санаа сайн бол заяа сайн” гэдэг шүү дээ. Үйл хөдлөл, үг яриа, оюун ухаан маань зөв байх ёстой болов уу. Оюун ухаандаа юу бодож байгаа нь тухайн хүний хэл яриагаар дамжиж гардаг. Хэл яриаг дагаад үйл хөдлөл нь илэрдэг. Үйл хөдлөлөөр дамжаад түүний ирээдүй шийдэгдэнэ. Тэгэхээр би дотроо маш гоё зүйлийг төсөөлж явна. Хуримын талаар тодорхой төлөвлөөгүй ч, маш гоё хурим хийнэ гэж бодож байна шүү.                                                                   Р.Мөнгөн  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ymar chadvartai saihan huuhen gedgiig medku bn daaaaaaaaaaaa
2012-12-23
Амжилт хүсье. Гадаадынхны дор орохоороо дагаад жолоогоо алдчихдаг тал манайханд бий шүү...Дэлхийн мөрөөдөлтэй бүсгүй минь
2012-11-27
анхийсан яшка
2012-08-01
zochin:
ymar chadvartai saihan huuhen gedgiig medku bn daaaaaaaaaaaa