
Лондоны олимпийн наадамд хүрэлцэн ирсэн Монголын шигшээ баг урьд өмнө байгаагүй хүчтэй бүрэлдэхүүнтэйгээр “дэвж шавж” буй. Манай шилдгийн шилдэг 30 тамирчны дунд Монгол Улсын хөдөлмөрийн баатар цолтон дөрөв (Н.Түвшинбаяр, О.Гүндэгмаа, Х.Цагаанбаатар, П.Сэрдамба), Монгол Улсын гавьяат тамирчин цолтон найм (М.Бундмаа, У.Мөнх-Эрдэнэ, Н.Төгсцогт, Б.Сэр-Од, Б.Наранбаатар, О.Бурмаа, С.Батцэцэг, О.Насанбурмаа) лав байна. Энэхүү олимпийн наадмаас од шүүрч ирээдүйд алдар гавьяагаа үнэлүүлэх ирээдүйн баатар, гавьяатууд ч тэдний дунд олон бий. Түүнчлэн манай багийн бүрэлдэхүүн, багш дасгалжуулагчдын дундах төрийн хүндэтгэл ёслолыг хүлээсэн цөөнгүй эрхмийг энд жагсаахад дуусахааргүй. Жишээлэхэд Үндэсний шигшээ багийн улсын дасгалжуулагч Ч.Насантогтох, Монгол Улсын ардын багш Ц.Дамдин, О.Балжинням тэргүүтэн гавьяатуудаас гадна чөлөөт бөхийн багийн бүрэлдэхүүнд өөр нэг баатар Асашёорюү Д.Дагвадорж ирэх билээ.

Сонирхуулахад олимпийн наадамд оролцсон анхны баатар тамирчин бол Б.Бат-Эрдэнэ аварга билээ. Гурван олимпийн наадамд оролцохдоо тухай бүрт Монголын багийн тугчаар ажилласан тэрээр Сидней-2000 олимпийн наадамд ийм статустай очсон юм. Аварга маань үндэсний бөх, жүдо, самбо, сонирхогчийн сүмогийн дэвжээнд үзүүлсэн амжилтаараа 1998 онд Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртжээ.
Нөгөөтэйгүүр Бээжин-2008 олимпоос анхны олимпийн аварга цол хүртсэн Монголын баг энэ нутагт анх удаа аваргаа хамгаалахаар ирснийг онцлох хэрэгтэй юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ