
УБЕГ-аас иргэдийн цахим үнэмлэхийг хэвлэж, тараах ажлын талаар өчигдөр мэдээлэл хийсэн билээ.Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-наас энэ оны зургадугаар сарын 1-нийг хүртэл иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн, хүчингүй болсон 132 мянган иргэнээс лавлагаа авч цахим үнэмлэхийг хэвлэсэн байна. УИХ болон Нийслэлийн ИТХ-ын сонгуультай холбоотойгоор иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зургадугаар сарын 28-ныг дуустал зогсоож, дээрх хугацаанд шилжилт хөдөлгөөн хийлгээгүй иргэдийн бүртгэлийг долдугаар сарын 2-10-ныг хүртэл хийжээ.
Цахим үнэмлэх хэвлэх ажлыг долдугаар сарын 16-наас эхлүүлсэн билээ Өнөөдрийн байдлаар 11 аймгийн цахим үнэмлэх хэвлэх ажил эхэлжээ. Одоогийн байдлаар Говь-Алтай, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорноговь, Өмнөговь, Завхан, Ховд, Увс, Дорнод аймгийн иргэний цахим үнэмлэхийг хийж Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий, Өмнөговь, Завханд үнэмлэхийг нь хүргүүлжээ. Иргэний үнэмлэх хэвлэх үйлдвэрийн ажилтнууд хоногт хоёр ээлж болон 24 цагаар ажиллаж, өдөрт дунджаар 20 орчим мянган иргэний үнэмлэхийг хэвлэжээ.Нэг цахим үнэмлэхний бэлдэцийн үнэ 9800 төгрөг, нийтдээ 20 орчим мянган төгрөгөөр үйлдвэрээс гарч байгаа бөгөөд эхний удаа иргэдэд үнэ төлбөргүй олгох бөгөөд хаяж үрэгдүүлэх болон шилжилт хөдөлгөөн хийлгэх тохиолдолд төлбөр төлөх гэнэ.
Өнөөдөр Төв, Хөвсгөл, Өвөрхангай аймгийн иргэдийн цахим үнэмлэхийг нэг машин дээр, нөгөө машин дээр нийслэлийн иргэдийн үнэмлэхийг хэвлэх ажлыг хийж байгаа ажээ.Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн иргэдийн цахим үнэмлэхийг хэвлэхээр болсон байна.Нийслэлийн дүүргүүдээс Налайх дүүргийн иргэдийн үнэмлэхийг аравдугаар сарын 1-нд хэвлэж дуусгаснаар Монгол Улсын иргэний цахим үнэмлэх хэвлэх ажил дуусах гэнэ.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ