
Лондоны зуны XXX олимпийн тэмцээн, уралдаанууд зургаа дахь өдөртөө үргэлжилж байна. Энэ хугацаанд манай улсын баг тамирчид хоосонгүй.
Жүдо бөхийн 73 кг-ийн жинд манай бөх, ОУХМ Сайнжаргалын Ням-Очир эх орондоо Лондоны олимпийн анхны медалийг авчраад байна. Анхны гэж байгаа нь ч учиртай.
Олимпийн хүрэл медаль гэдэг дэлхийн хошой аваргад ч олддоггүй хатуу боорцог. Афины олимпоос цор ганц медаль авчирч байсан Х.Цагаанбаатарт монголчууд ихээхэн найдлага тавьж байсан ч энэ удаа Лондоны татами манай жүдочид хатуу байлаа.
Бүхэл бүтэн олимпоос эх орныхоо нүүрийг тахлаж медаль авчирч байсан түүний гавьяа бүдгэрэх учиргүй юм. Тамирчин хүнийг ялалт, ялагдал тойрдоггүй жамтай.

Тиймээс олон ч дэлхийн аварга, дэлхийн цомд алтан соёмбот далбаагаа өргүүлж байсан Х.Цагаанбаатар хийсэн юмтай, хэлэх ч үгтэй цөөхөн тамирчдын маань нэг.
О.Гүндэгмаагийн хувьд ч тэр. Таван олимпод дараалан эх орноо төлөөлөн оролцож буй нь хэр баргийн тамирчинд олдох хувь биш.
Олимпод энгийн нэг тамирчин, дуртай нэг нь оролцоод байдаггүй. Манай орны иргэдийг хэдэн арав нугалах олон хүн амтай улс орнуудаас шалгарч ирсэн тэдгээр тамирчид бүгд л тэр өдрийн аз, эзээр ялж ялагдах учиртай хүмүүс.
Өнөөдрийн байдлаар манай улс олимпод тамирчдаа илгээсэн 204 орны дундаас медалийн тоо, чанараар 39-р байранд жагсаж байна. 204-өөс шүү.
Болоогүй ээ, манайд дахиад найдвар олон байна. Олимпийн аварга Н.Түвшинбаяр, ОУХМ П.Лхамдэгд нар өнөөдөр Лондоны татамид гарах бол, байт харвааны төрөлд Б.Урантунгалаг шөвгийн наймд үлдэхийн төлөө ширүүхэн өрсөлдөөнд онч мэргээ сорино.
Боксчид маань ч урамтай сайхан тулалдаж, яралзтал "нүдсээр" байна. Олимпийн мөнгөн медальт П.Сэрдамба маань нөгөөдөр Энэтхэгийн ширэн бээлийнтэнтэй тулалдана.
Энэтхэгчүүд тэрбум хүн амтай ч хэзээний спортоор явдаггүй "гайхалтай" үндэстэн. Жингийнхээ шилдгүүдийн нэгд зүй ёсоор бичигддэг манай ширэн бээлийтэн учраагаа ялснаар Ирланд, Камеруны боксчдын ялсантай таарна.
Энэ жинд сүүлийн хэдэн жилд манай боксчинтой өрсөлдөж буй Хятадын Жоу Шимин, Өмнөд Солонгосын Шин Жон Хун гээд шилдгүүд нь ирсэн.
Тэдэнтэй л манай тамирчин гол тулаанаа хийх нь тодорхой. Бусад жинд эхний учраагаа хэдийнэ давчихаад буй манай боксчид ирэх өдрүүдэд дараа дараагийнхаа өрсөлдөгчтэйгөө тулна.
Тодруулбал маргааш Н.Төгсцогт 52 кг-д Италийн Пикарди Винчензотой, 69 кг-д Б.Түвшинбат Францын Алексис Вастинтай, нөгөөдөр 64 кг-д У.Мөнх-Эрдэнэ Мавритани улсын Рикарно Колинтой тус тус шөвгийн наймд үлдэхийн төлөө хурд, хүчээ сорих юм.
Чөлөөтийнхөн маань олимпийн сүүлийн өдрүүдэд биднийг амрах завгүй догдлуулах нь ойлгомжтой. Мөн энэ удаагийн олимпийн нээлтийн ёслолд тугчаар орсон марафонч Б.Сэр-Од олимпийн сүүлийн өдөр хурдаа сорино.
Бусад улсын хувьд одоогоор манай урд хөршийн баг тамирчид медалийн чанар болон тоогоор тасархай тэргүүлсээр байна. 17 алт, 9 мөнгө, 4 хүрэл, нийт 30 медальтай хятадуудын араас АНУ-ын тамирчид 12 алт, 8 мөнгө, 9 хүрэл, 29 медальтайгаар нэхсээр байна.
Удаад нь БНСУ 6 алт, 2 мөнгө, 4 хүрэлтэй, Франц 5 алт, 3 мөнгө, 5 хүрэлтэй, Ардчилсан Солонгос 4 алт, 1 хүрэлтэй бичигдэж байна. Араас нь Герман, Итали, Казакстан, Япон, ОХУ-ын баг жагсчээ. Эзэн орны тамирчид харин 11-р байрт бичигдэж байна.
Дашрамд дурдахад энэ удаагийн олимпод Ази тивийн төлөөлөл болох хоёр Солонгосын баг тамирчид эхний тавд бичигдэж үнэхээр гайхалтай амжилт үзүүлсээр байна.
Одоогоор алтан медаль авсан улсуудыг тивээр нь ангилбал шар тивийнхэн маань 32 алттай хол давуу байгаа бол Европынхон 24 алт, Америк тивийнхэн хойд өмнөдгүй нийлээд 14, хар тив 2, Австрали 1 алттай бичигджээ.
Жүдочдын маань сүүлийг мушгих Н.Түвшинбаяр, П.Лхамдэгд болон өнөөдөр цэц мэргээ сорих Б.Урантунгалаг болон ирэх өдрүүдэд олимпийн талбарт өрсөлдөх нийт тамирчдадаа амжилт хүсье.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ