
Завхан аймаг 2011 оныг орон нутгийн хэмжээндээ “Байгаль орчныг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх жил” болгон, тодорхой зорилтууд тавин ажиллаж байгаа юм.
Жилийн ажлын хүрээнд Ерөнхийлөгчийн зарлиг, аймгийн Засаг даргын 36 тоот захирамжийн дагуу Мод тарих үндэсний өдрийг Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Засаг даргын тамгын газар хамтран зохион байгууллаа.
Мод тарих өдөрлөгт 280 гаруй иргэн оролцсон бөгөөд Баруун бүсийн худалдааны төвийн өмнө нээлт хийж, энэ үеэрээ 350 гаруй улиас, бургас, шар хуайс хайлаас суулгав. Хурим найраа хийсэн иргэд, сэвлэгээ үргээсэн бяцхан хүүхдүүд энэ өдөр мод тарьж суулгасан нь ихэд бэлгэшээлтэй үйл явдал болсныг нутгийн иргэд хэлж байв. Мөн “Цэцэгчин” клубын сурагчид мод тарих үйлсэд идэвхтэй оролцож, ногоон дэлхийдээ хувь нэмэр оруулсан.
Завхан аймаг хаврын мод тарилтаар 43000 мод тарьсан нь 92 хувийн амьдралттай ургаж байна. Намрын мод тарилтаар нийт 11200 мод, энэ онд аймгийн хэмжээнд нийт 53 мянган мод тарьж ургуулаад байна. Аймгийн 24 сум мод тарих ажилд идэвхтэй оролцож байгаа юм гэж Завхан аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн М.Санаажуу мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ