
Монголын ард түмний хайр хүндлэлийг хамгийн их хүртсэн хүн бол Н.Энхбаяр. Эзэн Чингис хаан ч ийм их хайр хишгийг амьд сэрүүндээ халгаадаггүй байсныг түүхийн шарласан хуудас гэрчилнэ. Харин шинэ цагийн Монголд Н.Энхбаярын өмнө аз хийморь, албан тушаалын ногоон гэрэл ямагт асаалттай байсан юм.
90 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын үед түүний үзэл бодол юу ч бичээгүй цагаан цаас шиг байжээ. Москвад Горькийн Утга зохиолын дээд сургуулийн орчуулагчийн анги дүүргээд ирсэн тэрээр зах зээлийн нийгэмд хөлөө олоогүй залуу хүний адил “намайг Америк явуулж өгөөч” хэмээн нэгэн нэрт орчуулагч дээр очиж байсан гэдэг. Гэвч залуус олноороо төрийн албанд дэвшиж байсан болохоор Н.Энхбаярын аз гийн Соёл, урлагийн хорооны даргаар томилогдож, үүдэнд нь мөн л Горькийн будаг нь ханхалсан боловсон хүчин Ц.Анандбазар сууж байсан юмдаг.
Тэр МАХН-ын удирдлага өөд алгуурхан мацах бус бүр шаргуу гэгч нь зүтгэж, 1997 онд Н.Багабандийг Ерөнхийлөгчийн сонгуульд ялаад төрийн тэргүүнээр сонгогдоход сайхан боломж олдсон. Юу гэвэл, УИХ-ын нөхөн сонгуульд Завханы тойрогт нэр дэвшин эрхэм гишүүний сэнтийд заларч, бүр цөөнхийн бүлгийн дарга болов. 1996-2000 онд цөөнхийн бүлэг чуулганы хуралдааныг 100 гаруй удаа хаяж тасалдуулан, “Ардчилсан холбоо” эвслийн гурван Засгийн газрыг огцруулахад голлож, ардчиллын алтан хараацай С.Зориг алагдсан. Казиногийн хэргээр “Ардчилсан холбоо” эвслийн гурван эрхэм гишүүн шоронд шомбойж, Н.Энхбаярыг “казиногоос” багагүй доллар авсан хэргээр прокуророос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Ерөнхий сайд зөвшөөрчихөөд УИХ-д оруулах гэж байхад Ж.Наранцацралт танхимынхаа гишүүдийн хамт огцорч, энэ асуудал замхарсан.
2000 оны парламентын сонгуулиар дөрвөн жилд дөрвөн засгийн нүүр үзсэн ардчиллынхан тун муухай харагдаж, МАХН УИХ-д 72 суудал авч үнэмлэхүй ялалт байгууллаа. Өмнөх УИХ-ын өнгөнд түүний оролцоотой Үндсэн хуульд гар дүрж, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болох заалтад дөрөөлөн ялсан намын дарга Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхий сайд болов. Эхнэр О.Цолмонгоо бараг анхны тушаалаар шахам ТЕГ-т зөвлөхөөр томилж, долоохон хоносны эцэст түүний казиногийн хэрэгт холбогдох хавтаст хэргийн хуудсууд ор мөргүй алга болсон байлаа. Түүнийг засаглах үед УИХ ч гарынх нь дор орж, өөдөөс нь ам нээх аавын хүү бараг байсангүй. Арай зангарагтай нь Ш.Отгонбилэг байсан ч онгоцны ослоор амь үрэгдлээ. Орой нь Завхан аймгийн төвд болсон зоогийн үеэр Ерөнхий сайд Н.Энхбаяр нэг ширээнийхэнтэйгээ нэгийг хүүрнэн инээлдэж байсан нь эмгэнэлт энэ үеийн дүр төрх дээр даанч содон харагдсан нь сэтгүүлчдийн нүдэнд торж билээ.
Дөрвөн жилийн дараа Н.Энхбаяр Ерөнхий сайдын суудлаас УИХ-ын дарга болов. Дахиад дөрвөн жилийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдов. Энэ бүх завсаргүй шат ахих төрийн дээд албан тушаал болгон дандаа ард түмний хайр хүндлэл дээр суурилж байсан юм. Хүмүүний насны нэгхэн үед буюу 12 жилд монголчууд энэ хүнийг төр, шашныг хослон баригч Богд Жавзундамба лугаа дээдлэн хүндлэв. Энэ хугацаанд Н.Энхбаяр биеэ засаад, гэрээ засаад, харин төрөө засч амжсангүй. Тэр хоёр дахь удаа төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшихдээ, хэрвээ би дахин Ерөнхийлөгчөөр сонгогдвол... гэж амлаж байлаа.
Мань эрийн эхлүүлсэн Мянганы зам Монгол орныг хөндлөн гулд туулах их бүтээн байгуулалт болсныг ард түмэн өнөөдөр бодитой харж байна. Бас шинэ мянганы эхэнд нэгэн бут төдийхөн байсан авлигын сүлжээ ширэнгэ болтлоо ургасныг ард түмэн өнөөдөр бодитой мэдэрч байна. Хэрвээ Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа, эрх баригч намын дарга байхдаа улаан цайм өөдөөс нь харж суугаад АПУ-ны хувьчлалыг шийдэхэд 500 сая төгрөг өгье гэсэн авилгачийг цагдаад бариад өгчихсөн бол өнөөдөр өнөөх ширэнгэн дотроосоо гарч чадалгүй төөрч суухгүйсэн. Төрийн өндөр дээд албыг хашиж болдог ч түмний хайрыг даанч дааж чадсангүй. Н.Энхбаярт үнэнийг хатуухан хэлэх М.Зэнээ, Л.Энэбиш өнөөдөр алга.
Өдгөө тэр шүүхээс ял сонссон нь мөсөн уулын зөвхөн орой хайлж байна гэх хүмүүс бий. Н.Энхбаярт хайртай Монголын ард түмэн түүнийг дөрөвдүгээр сарын 13-ны үүрээр АТГ-ынхан аавынх нь гэрээс оймстой хөлийг нь гозолзуулан баривчлахад нулимстай нүдээр үдсэн. Шоронд өлсгөлөн зарлахад нь өмөөрөхдөө гудамжинд жагсч, сонгуульд дэмжин “Шударга ёс” эвсэлд 11 суудал өгсөн. Өмнө нь өөрийнх нь хүссэн МАХН гэдэг нэрийг төр бүртгэсэн, түмэн олон дэмжсэн. Харин тэр Сонгуулийн хуулийн дагуу эвслийн жагсаалтаар эрхэм гишүүний тангараг шууд өргөх гурван хүнийхээ араас чангааж, өөрийгөө болон хүүгээ УИХ-ын гишүүн болгох гэсэн санаархал нь түмний хайрыг чамласнаас ялгаа юун. Тэр ч байтугай МАХН-ын удирдлага Н.Энхбаярын хэргээр төрийн ажлыг барьцаалж, УИХ-ын чуулганы хуралдаанд оролцохгүй хүлээзнэн хамтарсан засгийн гэрээнээсээ буцна хэмээн түүний туган дор түмний сонголтоор төрд гарсан зарим аашилж байна. Тэдний хувьд төрийн сонгуульд саналаа өгсөн Монгол Улсын иргэдийн санал Н.Энхбаярын дэргэд даанч үнэгүйдэв бололтой. Энэ тухай эрхэм гишүүн Ц.Нямдорж “МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл Ардчилсан намд тулган шаардлага хүргүүлсэн гэж сонссон. Н.Энхбаярын хэргийг бидний хүсээгүй байдлаар гаргах юм бол “Шударга ёс” эвсэл хамтарсан Засгийн газарт орохгүй шүү гэсэн” хэмээн “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.
Ардын уран зохиолч С.Эрдэнэ баавай амьд сэрүүн ахуйдаа бичсэн захидалдаа Н.Энхбаярыг холын шуналтай хүн гэж хэлсэн байдаг. Бүр 2000 онд түүний тухай Засгийн газрыг л унагах ажил хийснээс төрийг бэхжүүлэх, залуу намынхны алдааг зөв шүүмжилж, засч залруулах талаар бол хуруугаа ч хөдөлгөөгүй хүн. Энэ бол төрд асар хорлонтой хэрэг. Тэр намын дарга болохыг хүссэн, болсон, эвслийн засгийн газруудыг унагаахыг, эвслийн нэр хүндийг унагаахыг хүссэн, мөн түүнийхээр болсон. Одоо Ерөнхий сайд болох ёстой. Ойрхон харагдаж байгаа эрх мэдэл гэдэг шунал хөдөлгөсөн адын эд. Үүнд шуналтах янз бүрийн шалтгаан Н.Энхбаярт байлаа хэмээн их өндөрлөгт хүрэх гарааны зурхай дээрээс нь бичиж байв.
Н.Энхбаярыг яллагдагчийн ширээний ард сууж байгаа ч ард түмэн түүнтэй хамт байлаа. Өмнө нь түүнийг баривчлах ажиллагааг ТВ9-ээр үзүүлсэн. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн эрүүгийн танхим дахь шүүх хуралдааныг монголчууд гурван өдөр зурагтаар шууд харлаа. Өнөөдөр ТВ9 энэ хүнийх биш байсан бол дэлхийн бүх телевиз манай гаригийн олимпийн их наадмыг үзүүлж байгаа жишгээс гажна гэж үү. Н.Энхбаярын өмгөөлөгч шүүхийн танхимаас “үзэгч түмэн тунгааж байгаа биз ээ” хэмээн ам алдсан нь жирийн иргэнд хэзээ ч олдоогүй давуу эрхийг дэндүү давуу ашигласан гэхэд хилсдэхгүй. Н.Энхбаярыг өдгөө өрөвдөх зарим нь өрөвдөж л байна. Гэхдээ жаахан ч гэсэн хайр дааж чадаагүйд нь. Бас дэндүү давруун занд нь гомдож эхлэв. Харин Монголын ард түмэн түүнийг хэдэн үеэрээ барж идэхгүй их хөрөнгө зоорийг Монголд байтугай Англи, Америк, Орос, Хятадад хураахад нь ердөө атаархаагүй. Олон Ренбүүчигийн дотны хүн тэрээр энэ яваа насандаа барж идэхгүй хөрөнгөд эзэн сууж, хойд насаа умартсанд нь үнэмшиж ядав.
Өнгөрсөн өдрүүдэд Н.Энхбаярын царайнаас шоронгоос гарч ирсний дараах наминчилсан төрх харагдсангүй. Харин түүний цээжинд төрийн төмөр нүүрээр өс зангидах холын шунал буцалж байсан эсэхийг ёстой бурхан л мэдэх байх. Тэр 2000 оны сонгуульд БНН-аас нэр дэвшихээр зургаа хүртэл татуулж байсан ЦЕГ-ын дарга Д.Мөрөнг сурталчилгаандаа улайрч, казиногийн хэрэгт холбогдох хамаг булхайг нь дэлгэнэ гэж айсандаа МАХН-аас нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулж чадсан. Харин Ерөнхийлөгчийн байр сууринаас казиногийн асуудлыг нухацтай шалгаж, хуулийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэснийх нь төлөө Н.Багабандиас бүрмөсөн хөндийрснийг улсын их баяр наадмын индэр дээрээс ч монголчууд цөөнгүй жил харж билээ. Н.Энхбаярыг казиногоос мөнгө авсан үгүйг лавласан экс спикерийн асуултад үнэнийг өчсөн хурандаа Д.Алтангэрэлийн тухайд, намайг эрх мэдэлтэй байгаа цагт энэ нөхөрт ажил өгөх талаар дахин битгий ярь гэжээ. 2001 оны УИХ-ын намрын чуулганы нээлт дээр Засгийн газрыг хатуухан шүүмжилсэн үг хэлэхээр бэлтгэж байсан спикер Л.Энэбиш зуурдаар нас барсан нь монгол төрд учирсан том гарз байлаа.
Уржигдар шүүх хурал дээр Н.Энхбаяр “...Би шүүхээс ял авбал олон хүн шүүгдэхээс айдаг болно. Тиймээс шинэ цагийг эхлүүлээрэй гэж даалгавар өгсөн гэж найдаж байна. Шударга ёсоор цангасан ард түмний сэтгэлийг дэвтээе гэж найдаж байна. Хүн хэлмэгдүүлэх, хувь заяагаар тоглох амархан. Гэхдээ ингэх нь олон хүний зовлон дээр давс цацсантай адил болно. Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа ийм утгагүй юмаар шүүгдэнэ гэж бодсонгүй. Буруу зүйл хийгээгүй байхад ял тулгаж байгаа бол 2,7 сая хүн эсэргүүцнэ гэдгийг хэлье” гэв.
Хүн хэлмэгдүүлэх, хувь заяагаар тоглох амархан байдгийг мэддэг хүн телевизтэй шүүхээс ял сонссон болохоор 2,7 сая монголчууд эсэргүүцэх юм болов уу. Монголын ард түмэн Н.Энхбаярын нохойд барьдаг мод биш. Энэ эрхэм ард түмний их хайр хүндлэлийн хариуд ард түмний нэрийг арай л гамгүй барьсан. О.Цолмон хатагтай урд шөнөжин ТВ9-ээр буддын шашны үйлийн үрийн тухай айлдав. Хүн болгон үйлийн үрээ үүрдэг номтой гэнэ. Харин хумсын чинээ ч муу юм хийгээгүй Н.Энхбаяр бол муу хүмүүсийг илчлэх ховорхон томилолт өвөртөлсөн ажээ. Гэхдээ түүнд дахин дахин давж заалдах эрх бий. Тэр бурхан тэнгэртэй ч давж заалдаж чадна, бурхан минь.
Х.Улз
СЭТГЭГДЭЛ БИЧИХ