
Амай буюу Ж.Золбаяр одоо хэр нь сонирхолтой үүх түүх, аян замын дурсамжаа ярьсаар яваа. Дайн байлдаан, өлсгөлөн, ядуурал гээд янз бүрийн аюул гамшиг нүүрлэсэн улс орнуудаар аялж яваад ирсэн түүнд үхлийн аюултай ч нүүр тулах шахсан тохиолдол цөөнгүй бий. Ямартаа л, бөөгийн ёс заншлын талаар хараахан судалж амжаагүй боловч аминдаа тулсан үед айхтар нөхдийг бөөлж байгаад айлгасан гэхэв дээ. Энэ нь ч их учиртай. Түүнийг нэг удаа вагонд аялж явахад хар арьст дээрэмчид дайрч.
Хутга шөвөг барьсан зэрлэг нөхдүүдийн өмнө мань эр айж байгаагаа огт мэдэгдэлгүй, өөрийгөө цэргийн хүн гэж танилцуулжээ. Гэвч цаадуул нь тоосонгүй. Яалт ч үгүй, хүний нутагт хамаг зүйлээ тонуулаад амь насаа алдах нь гэсэн муу совин татах үест нэгэн мэргэн санаа толгойд нь орж иржээ. Дээрэмчдийн зарим нь бөөлөөд байгаа ч юм шиг, ёолоод ч байгаа юм шиг хачин эвгүй авиа гаргаж тэнд байсан хүмүүсийг айлгаж байсан гэх. Харин юун төлөө хөх тэнгэрээ шүтдэг бөөгийн ёс заншилтай монгол хүн билээ дээ, Амай. Тэр дор нь л хахираа хийн бөөлж үзүүлэхэд дээрэмчид айх, гайхах хоёр нь зэрэгцээд үг дуугарч чадаагүй юм байх.
Үүнтэй нь зэрэгцээд цонхны салхивчаар жижигхээн цаас орж ирээд өөдөөс нь харж суусан нэг дээрэмчний нүүрэнд наалдчихаж л дээ. Ингээд тэд юун дээрэм тонуул манатай, тэр даруй арилж одсон хөгтэй явдлын талаар Амай ийнхүү хуучилжээ. DJ залуу эх орондоо ирээд аяллынхаа сонин хачныг өгүүлсэн есөн боть ном гаргахаар төлөвлөсөн. Одоогоор “Гайхамшигт ертөнц”, “Сайн сууж байна уу” нэртэй хоёр ч номоо уншигчдын гарт хүргэж амжжээ.
Р.Есүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ