Цэцэг өргөсөн гишүүн цагдаагийн биед халдав
Сүхбаатар дүүргийн шүүхийн гаднах талбайд өнөөдөр 12.20 цагт УИХ-ын гишүүн Л.Цог, З.Баянсэлэнгэ нараар ахлуулсан МАХН-ын 60 гаруй гишүүн шар өнгийн цэцэг цацаж шударга ёсыг булшилсан шүүгч нартай салах ёс гүйцэтгэж байгаагаа илэрхийлсэн байна. Шүүхийн үүдэнд хамгаалалтад гарсан цагдаагийн албан хаагчид рүү МАХН-ын гишүүд дайрч давшлах, ус цацах зэргээр зохисгүй авир гаргаж байсанд зарим иргэн нэлээд бухимдангүй байв. УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ хэлэхдээ “Шударга ёсыг булшилсан шүүгчид рүү гашуудлын цэцэг шидэж эмэгнэл илэрхийллээ. Шүүгчид захиалгаар шүүн таслах үйл ажиллагаа явуулж байгааг монголын бүх ард түмэн харлаа. Үнэнээс хэн ч нүүрээ буруулж чадахгүй. МАХН-ын даргыг ялласан нь цэвэр улс төрийн хэлмэгдүүлэлт гэдгийг харлаа. МАХН-МҮАН-ын “ Шударга ёс” эвсэл нийгэмд шударга ёсыг тогтоохыг төлөө тууштай тэмцэнэ” гэсэн юм. Түүнчлэн Н.Энхбаярын хүү Э.Батшугар ч хэлмэгдүүлэлт болсныг бүх хүн харсан гэв. Албан тушаалын хэрэгт яллуулсан Н.Энхбаярын хавтаст хэрэгт улсын яллагчаар оролцсон Е.Сагсай, шүүгч Ц.Соёмбо-Эрдэнэ нарыг хараан зүхэж, хар ус цацаж хамаг амьдралыг сүйрүүл хэмээн хашгирах хүн ч олон байсан юм. Тэд 30 минут хэртэй хашгирсны эцэст тарж явцгаав. Н.Бүжин
















Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ