
УИХ-ын нэр бүхий есөн гишүүн Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн бариад байгаа билээ. Дээрх бичгийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо үзэж байгаагаа өнөөдөр илэрхийлсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Батбаяр хэвлэлийн хурал зарлалаа.
Тэрбээр “Ийм асуудлыг УИХ-ын аль нэг байнгын хорооны дарга Үндсэн хууль зөрчсөн гэж хэлэх эрхгүй. УИХ-ын нэр бүхий гишүүд Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах санал тависан гол үндэслэл нь Үндсэн хуулийн 25.6 буюу “УИХ төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ. Үүнд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хуульд зааснаар УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх огцруулна” гэсэн байгаа. Мөн УИХ-ын тухай хуулийн 7.1.12-т УИХ-ын гишүүнийг УИХ-аас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эргүүлэн татах, огцруулах санал гаргах эрхтэй гэсэн байгаа. Дэгийн тухай хуульд Ерөнхий сайд, Засгийн газар, Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг хэлэлцэх журам гэж бий.
Энэ журмын дагуу санал гарвал санал, дүгнэлт гаргаснаас хойш долоо хоногийн дотор байнгын хороо хуралдаж, дүгнэлт гаргана гэсэн байгаа. Гэтэл манай Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар Үндсэн хуулийн 43.4 буюу “УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй хэсэг нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавибал УИХ хэлэлцэн шийдвэрлэнэ” гэснийг үндэслэл болгон биднийг Үндсэн хууль зөрчсөн гэсэн. Гэтэл Үндсэн хуулийн 39.1-т “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ” гэсэн байгаа.
Харин Засгийн газрын тухай хуулийн 2-т “Засгийн газар асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ. Ийнхүү шийдвэрлэж чадаагүй бол шийдвэр гараагүйд тооцно” гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл, “Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаанд бусад гишүүдийн адил нэг саналын эрхтэйгээр оролцдог” гэсэн үг. Ж.Сүхбаатарын тайлбарласан хуулийн заалтад Засгийн газрыг гэж кабинетаар нь заасан байгаа. Харин бид Ерөнхий сайдыг дангаар нь огцруулах санал гаргаж байна. Мөн Засгийн газрын тухай хуулин дээр Ерөнхий сайдыг огцруулахад Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарган гэсэн заалт байхгүй.
Ерөнхийлөгч, УИХ-ын хуулинд Ерөнхийлөгч, УИХ-ын даргыг огцруулахад заавал Үндсэн хуулийн цэцийг дүгнэлт гаргуулна гэж заасан байгаа. Энэ нь Ерөнхий сайд Засгийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг хариуцдаг тул өдөр түм түүнийг огцруулах асуудалд орно гэсэн үг. Тиймээс Цэцийн дүгнэлт гаргахгүй гэж уг хуулийг батлаж байхдаа заасан юм билээ” гэв. Эцэст нь тэрбээр Оюутолгойн гэрээний асуудлаар Ерөнхий сайд, Сангийн сайд, УИХ-ын гишүүн С.Баяр нартай мэтгэлцээнд ороход бэлэн байна гэдгээ мэдэгдэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ