
Дуучин Эрдэнэ-Очирын Энх-Эрдэнэ анхны бие даасан тоглолтоо аравдугаар сарын 29-нд Улаанбаатар паласт хийхээр болжээ. Э.Энх-Эрдэнэ тоглолтоо өөрийнх нь нэрийн хуудас болдог дуу “Хайрласанд минь уучлаарай” дуугаараа нэрлэжээ.
Сүүлийн үед нийтийн дуучид тоглолтоо Бөхийн өргөөнд хийдэг “бичигдээгүй хууль”-тай болоод байхад Эрдэнэ-Очирын Энх-Эрдэнэ эсрэгээрээ Бөхийн өргөөнөөс хамаагүй олон суудалтай, Сараа, Ариунаа зэрэг акул дуучид тоглолтоо хийдэг Улаанбаатар паласыг сонгосон нь залуу хүний зориг зүрхийн илэрхийлэл биз. “Зүүдний бороо”, “Дорнын цэнхэр нутаг”, “Хайрласанд минь уучлаарай”, “Чоно голын унага”, “Хоёр амьдрахсан хорвоо” гээд чамгүй хэдэн дуу нь олны таашаалд нийцсэн энэ залуу урын сандаа их олон дуутай гэж мэдэх уран бүтээлчид нь ярилцдаг. Нэг үе Базарсадын Болдбаатарын студид ажилладаг байсан тэрээр энэ боломжоо чамгүй ашиглан бараг 100 гаруй дуутай болсон гэдэг.
Энэ дундаас яруу найрагч Нямбуугийн Баянмөнх, нутгийн ах Н.Баасандорж нараараа шилж сонгуулж байгаад 15 дуу сонгон авч тоглолтондоо дуулахаар болжээ. Элдэв маяггүй, их зан суугаагүй энгийн энэ залуугийн тоглолтонд хүч нэмж, түрлэг өргөхөөр МУСТА Н.Баасандорж, МУСТА Э.Төрмандах, МУСТА Б.Буянжаргал, дуучин П.Идэржавхлан, Э.Чулуунчимэг, Түмэн-Өлзий, ноён Бондгор болон “Мотив”, “Sync”хамтлаг, ХЦДБЧ-ынхан оролцох юм байна. Дуучин МУГЖ С.Жавхлангийн “цайны” ганц найз болох Агааноров хөтлөх энэ тоглолт тун сайхан болох төлөвтэй.
Учир нь билетийн борлуулалт тун сайн байгаа гэнэ. Э.Энх-Эрдэнийн тоглолт нийслэлийн баярын өдөр болох болохоор улаанбаатарчууд төрөлх хотынхоо баярыг тэмдэглэнгээ, “Улаанбаатар палас”-т Энх-Эрдэнийн тоглолтыг үзэж баярлах нь…
СЭТГЭГДЭЛ БИЧИХ