
Засгийн газраас боловсруулж өргөн мэдүүлсэн Бор-Өндөр сум байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэхээр болж, Засгийн газрын гишүүн Ч.Хүрэлбаатарын танилцуулгыг сонсов. Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нараас тус аймгийн Дархан сумын таван багийн иргэдийн нийтийн хурал, Дархан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан “Дархан сумыг хэвээр үлдээж шинээр Бор-Өндөр сум байгуулах тухай” саналыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн тухай холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлсэн байна. Мөн тухайн аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гурван гишүүн ч энэ асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлтээ ирүүлжээ.
Тус аймгийн Дархан сумын 2008 оны орон нутгийн сонгуулийн мандатыг хуваахдаа 1908 хүн амтай 1, 2, 3, 4 дүгээр багуудад тус бүр нэгийг, үлдсэн хорин нэгийг нь 9311 хүн амтай 5 дугаар баг буюу Бор-Өндөр хотод өгсөн аж. Гэтэл Дархан сумын 1, 2, 3, 4 дүгээр багууд уг асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй, хүн амын тоонд бус газар нутгийн хэмжээнд хуваах ёстой гэсэн шаардлага тавьж орон нутгийн Хурлын сонгуульд оролцоогүй байна. Үүнээс үүдэн тус сумын иргэд талцсан байдалтай болж, сонгуулийн асуудлаас үүссэн маргаан өнөөг хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй явж иржээ.
Үүссэн нөхцөл байдлыг холбогдох хуулийн дагуу шийдвэрлэх гэхээр тухайн үеийн орон нутгийн сонгуулийн тойрог, салбар, хэсгийн хороод татан буугдсан учир шийдвэр гаргуулах боломжгүй болсон. Шинээр байгуулагдсан тойрог, салбар, хэсгийн хороод шийдвэр гаргахаар шүүхийн байгууллага хүчин төгөлдөр бус гэж үздэг байна. Иймээс дээрх суманд үүссэн нөхцөл байдлыг харгалзан тус аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын саналыг үндэслэн Дархан сумаас Бор-Өндөр хотыг салгаж, Бор-Өндөр сумыг шинээр байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж өргөн мэдүүлжээ.
Дөрвөн заалттай уг тогтоолын төсөлд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумыг байгуулж, төвийг нь Бор-Өндөрт байхаар тогтох, сумын хилийн цэсийг хавсралтаар батлах, тогтоол гарсантай холбогдуулан “Зарим хот, хороодыг сумдад нэгтгэх тухай” Улсын Их Хурлын 1994 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 36 дугаар тогтоолын 1-ийн 17-д заасныг хүчингүй болсонд тооцох, мөн “Нутаг дэвсгэрийн хилийн цэсийг шинэчлэн батлах тухай” БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1977 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 75 дугаар зарлигийн 2 дугаар хавсралтад өөрчлөлт оруулахаар тусгасан байна.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүн Су.Батболд одоогийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарилалт нь улс орны хөгжлийг чөдөрлөж байна. Зах зээлийн харилцаа, улс орны хөгжлийн чиг хандлага, амьдралаас урган гарч буй зайлшгүй шийдэх учиртай энэ асуудалд энэ Засгийн газар хуруу хумсаа ч хөдөлгөхгүй байгаад шүүмжлэлтэй хандаж буйгаа хэллээ. Мөн гишүүн Х.Тэмүүжин эдийн засгийн хувьд ямар ч үр ашиггүй, дандаа төсвөөс тэжээгдэж байдаг засаг захиргааны уламжлалт нэгжийн тогтолцоог өөрчлөх ёстой. Үүний тулд сумдыг нэгтгэх, бүсчлэн хөгжүүлэх талаар бодитой ажил хийгээгүй ч ийм бодлогыг үе үеийн Засгийн газар барьж ирсэн.
Гэтэл энэ Засгийн газар сумдыг нэгтгэн томсгох биш харин ч эсрэгээрээ задалж салгах тухай ярьж байгаа нь харамсалтай байна гэдгээ хэлэв. Харин гишүүн Э.Мөнх-Очир сумдыг нэгтгэхийн эсрэг байдгаа хэлээд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжинй тухай хуулийн хэлэлцүүлгийг яаравчлах, ажлын хэсэг шуурхай ажиллах шаардлагатайг сануулав. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай асуудал нь Үндсэн хуультай холбоотой тул нухацтай авч үзэх боломж хязгаарлагдмал байгааг төсөл санаачлагч хэлж байв. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны гишүүдийн олонхи нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сум байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ