Өнөөдөр зүлэгний хоккейн 6 тоглолт болно

img

Өнөөдөр Лондон хотноо явагдах зуны олимпийн уралдаан тэмцээнүүд эмэгтэйчүүдийн зүлэгний хоккейн Австрали, ӨАБНУ-ын шигшээ багийн тоглолтоор манай цагаар 15.30-аас эхэлнэ. Эмэгтэйчүүдийн зүлэгний хоккейн төрөлд 12 улсын тамирчид 2 хэсэгт хуваагдан оролцож байгаа юм. Энэ спорт нь манай оронд хөгжөөгүй хэдий ч олон улс оронд өсвөр үе, насанд хүрэгчдийн багийн тэмцээнүүд зохиогдож олимпийн наадмын хөтөлбөрт багтсан юм. Мөн дөрвөн жилд нэг удаа зохиогддог Зүлэгний хоккейн дэлхийн цом, жил бүр явагдах Аваргуудын цом, өсвөрийн дэлхийн цом зэрэг нь энэ спортын нэр хүндтэй томоохон тэмцээнд тооцогдоно. Хоккейн модон цохиур ашиглан бөмбөгийг, татах, туух, цохих замаар өрсөлдөгчийнхөө хаалганд оруулж тоглодог. Албан ёсоор хоккей хэмээн нэрлэдэг ч мөсний болон гудамжны хоккейгоос ялгахын тулд зүлэгний хэмээн тодотгол дагуулж хэвшжээ. Хичээллэгчдийн тоогоор гадаа талбайд тоглодог багийн спортын дунд хөлбөмбөгийн дараа орно гэж үздэг ч мэргэжлийн тамирчин цөөхөн. Мөн АНУ зэрэг зарим оронд зөвхөн эмэгтэйчүүд тоглодог байна. Өвөл гадаа тоглох боломжгүй орнуудад заал танхимд тоглох нь бий. Энэ тохиолдолд танхимын зүлэгний хоккей гэгдэх бөгөөд дүрмийн хувьд хэд хэдэн зүйлээр ялгаатай байдаг. Өнөөдрийн байдлаар олимпод оролцож буй 12 орноос А хэсгийг Их Британи болон Нидерландын баг, В хэсгийг Аргентины баг тус тус тэргүүлж байна. Өнөөдөр зүлэгний хоккейн 6 тоглолт болох ба дээр дурдсан Австрали ӨАБНУ-ын багийн тоглолтоос гадна АНУ-Шинэ Зеланд, Герман-Аргентин, Голланд-БНСУ, Япон-Бельги, Их Британи-БНХАУ-ын бүсгүйчүүд тус тус хоорондоо өрсөлдөнө. Н.Өрнө    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ