
Олимпийн наадмын алт, мөнгөн медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр өчигдөр Олимпийн тосгоны эмнэлэгт рентген зураг татуулсан байна. Аз болоход түүний шөрмөс тасраагүй, баруун хөлний зөөлөн эд урагдаж хүндхэн гэмтэл авсан нь батлагджээ. Тэрээр сүүлийн хоёр хоногийн турш хөлөндөө мөсөөр жин тавин өрөөндөө байгаа гэсэн мэдээллийг Монголын багийн штабаас өглөө. Харин Лондонд үлдэж эмчилгээ хийлгэх үү, Монгол руу явах уу гэдгийг Олимпийн зохион байгуулах хорооны эмч нартай зөвлөж байгаад маргааш нутаг руугаа буцаж эмчлүүлэхээр шийдвэрлэсэн ажээ. Монголын жүдо бөхийн баг тамирчид Лондоны олимпоос мөнгө, хүрэл медаль тус бүр нэг, шагналт байр хоёртойгоор наймдугаар сарын 7-ны өглөө эх орондоо хөл тавина.
Энэ дашрамд дуулгахад Н.Түвшинбаяр аварга медаль зүүснээсээ хойш нэг ч сэтгүүлч сурвалжлагчтай уулзаж ярилцлага өгөөгүй байгаа юм. Медальтан бүр тэр дороо хэвлэлийн бага хуралд оролцох үүрэгтэй ч тэрээр эмнэлгийн яаралтай тусламж авахын тулд уг хурлыг алгассан билээ.
Б.Цагаанбаатар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ