
МАХН-ын дарга Н.Энхбаяр болон До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал нарын хэргийг шүүх хурлыг нийслэлийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн танхимаас гурван өдөр дараалан ТВ9-өөр шууд дамжуулан үзүүллээ. Урьд нь хэдэн өдөр дараалсан дуулиант шүүх хурлын ажиллагааг ийнхүү телевизээр шууд дамжуулж байгаагүй нь Н.Энхбаяр нарт олдсон их завшаан гэж үзэх хүмүүс байхад Монголын шүүх засаглалын шинэчлэлд нээлттэй, ил тод байдал нэвтэрч буйгийн бодит алхам боллоо хэмээн нийгэмд талархалтай хүлээн авав.
Мөн Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн хэлсэн, шүүх ажиллагааг зурагтаар дамжуулаагүй бол илүү хүнд ял ногдуулах байсан ч байж магадгүй. Ард түмэн бодит байдлыг харсан болохоор шүүгчид ичсэндээ ийм ял оноосон. Эрх баригчид уг нь ингэж гэнэдэх учиргүй байсан юм хэмээснийг мөн ТВ9-ээр нэвтрүүлэв. Ямар ч байсан яллагдагчдын талд шууд нэвтрүүлгийг ашиглан нийгмийн уур амьсгалд нөлөөлөх гэсэн хандлага байсныг үгүйсгэхгүй. Үүнийг Н.Энхбаярын өмгөөлөгчийн “үзэгчид шүүн тунгаана биз ээ” гэсэн үг бэлээхэн харуулав.
Шүүхээс ногдуулсан ял мэдээж эцсийнх биш бөгөөд дараагийн шатны шүүхэд давж заалдах эрх яллагдагч нарт бий. Харин ард олны дунд хуулийн өмнө хэнбугай ч эрх тэгш байх ёстой гэсэн заалт биеллээ олж эхэлснийг харж, авлигатай хийх тэмцэл ямар нэгэн эрх мэдэлтний өмнө тулаад зогсдог, хууль хяналтын байгууллагынхан хүчин мөхөстдөг сүүлийн хориод жилийн явдлыг цэглэх мөч ойртойж байна гэсэн итгэл найдвар төрүүллээ.
Д.Дүүриймаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ