Н.Лүндэндорж: Экс Ерөнхийлөгч ял авсанд харуусч байна

-Би гадаадад явж байгаад ирлээ. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярт холбогдох хэргийг шүүх процессыг хэвлэл мэдээллээр харсангүй. Өнөөдөр цахим сониноос зарим нэг мэдээллийг авч байна. Монгол Улсын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, УИХ-ын даргаар ажиллаж ард түмэнд танигдсан хүн ял зэм хүлээж эрх чөлөөгөө хасуулсанд хувь хүнийнх нь хувьд харуусч байна. Энэ хүнд ял шийтгэл оногдуулсан нь зөв, буруу эсэхийг би хэлэх боломжгүй. Нэгэнт шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд би хөндлөнгөөс дүгнэж ярих ёсгүй. Харин надад юу бодогдож байна гэхээр одоогоос хэдэн жилийн өмнө би ОХУ-д Олон улсын хуралд оролцож байсан юм. Оросын эрдэмтэдтэй Монгол Улсад өөрчлөн байгуулалт хэр зэрэг явагдаж байгаа, эрх зүйт төр яаж оршин тогтож буй тухай яриа өрнүүлсэн. Монголчууд л болсон хойно өөрсдийгөө магтаж "Ардчилал хөгжиж байна. Хүний эрх зөрчигдөх нь бага" гэгчлэн ярилаа. Өөрөөр хэлбэл ОХУ-аас цөөн хүн амтай мөртлөө хөгжлийн хувьд түрүүлж байна гэж хэлсэн санаатай. Яриа өрнөх явцад Оросын эрдэмтэн надад нэг ноцтой асуудлыг ярьсан л даа. Тэрбээр “Н.Лүндэндорж профессороо, бид монголын талаар мэдээлэлтэй байдаг. Та Михаил Борисович Ходорковский гэдэг хүнийг танина биз” гэхэд нь би “Танина” гэтэл “Тэр хүн дэлхийн тэргүүн баян. ОХУ-д нөлөөтэй хүн мөртлөө шоронд сууж байгаа шүү дээ. Танай Монголд ийм баян, өндөр эрх мэдэлтэй хүнийг шоронд хорих нь бүү хэл томоохон ТҮЦ-ийн эзэнд ч шүүх нь гараа хүргээгүй. Таны ярьж буй хууль дээдэлдэг, эрх зүйт төр гэдэг чинь Монголд агаарт болохоос биш амьдралд хэрэгждэггүй” гэж шүүмжилсэн юм. Би тэр үед “Тийм биш” гэж маргаж байлаа. Эргээд бодоход тэр эрдэмтний хэлсэн үг үнэн. Монголд ял зэм хүлээлгэдэг. Гэм бурууг тогтоодог явдал бол амьжиргааны түвшин доогуур хүмүүст хэрэгждэг. Дээшээ хэрэгждэггүй. Гэвч өнөөдөр нөлөөтэй төрийн гурван өндөр албан тушаал хашиж байсан хүнийг шүүх шүүж байгаа нь нэг талаас шударга ёс тогтож байна уу гэж бодож байна. Хуулийн өмнө ард түмэн эрх тэгш эрхтэй болох эхлэл тавигдаж байна уу гэж нэг талаас харлаа.
-Шүүгчид Н.Энхбаярыг гэм буруутайд тооцсон сэтгэлзүйтэй, хэргийн талаар урьдчилсан төсөөлөлтэй байсан гэсэн шүүмжлэлийг өмгөөлөгчид нь хэлж буй. Тиймээс ч шүүгчээс татгалзах үндэслэл болсон байх. Ер нь хэргийг шүүхийн хэлэлцүүлгээс өмнө шийдвэрийг урьдчилж гаргах боломж бий юу хуулиараа?
-С.Нарангэрэл багшийн байр суурийг би мэдээгүй. Нэгэнт шүүгчээс татгалзах хүсэлт тавьсан бол тодорхой үндэслэл байсан байх. Гэхдээ шүүгч урьдчилсан санаа бодолтой байдаг эсэх талаар өөрийн санаа бодлоо илэрхийлье. Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон шүүхийн тухай хуулиар бол шүүгч тухайн хэргийн талаар урьдчилсан санаа бодолтой байж болохгүй гэсэн зарчмыг хуульчилсан байдаг. Гэхдээ бодит байдалд шүүхийн шүүн таслах үйл ажиллагааны өнөөгийн тогтолцоонд гарцаагүй байхгүй урьдчилсан санаа бодолтой байхыг нөхцөлдүүлдэг. Учир нь шүүгч хавтаст хэрэгтэй урьдчилаад танилцдаг. Тухайлбал, хэн нэгнийг шүүх гэж буй шүүгч хавтаст хэргийг 20-30 хоног уншина. Яах гэх уншиж байгаа юм бэ гэхээр ойлгох. Тэр хэргийг хэрхэн шийдэх вэ гэдийг ойлгох гэж уншиж байна. Тиймээс хэргийг унших явцад шүүгч хүний оюун санаанд урьдчилсан санаа бодол тогтдог. Урьдчилсан санаа бодолгүй байна гэж мянган удаа зарлаж мянган удаа тунхагласан ч амьтныхаа хувьд, сэтгэгч хүнийнхээ хувьд гарцаагүй тогтоно. Үүнийг буруу гэж үздэг учраас дэлхийд мэтгэлцэх зарчмыг хуульд оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, шүүгч урьдчилж хавтаст хэргийг уншихгүй гэсэн үг. Жишээлбэл, Америкийн шүүх, БНХАУ-ын шүүгч нар эрүүгийн хавтаст хэрэгтэй урьдчилж танилцдаггүй. Шүүгч хурлын товын дагуу хавтаст хэргийг нэг ч сөхөж харахгүй хуралдааны танхимд орно. Хэрэв урьдчилж унших л юм бол шүүгчид урьдчилсан санаа бодол тогтдог учраас уншуулдаггүй тогтоолцоо бий. Манай Монгол Улсад Шүүхийн тухай хуульд, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд мэтгэлцэх зарчим оруулж ирсэн л дээ. Хэдийгээр энэ нь дэвшил боловч шүүгч урьдчилаад хавтаст хэрэгтэй танилцсанаас мэтгэлцэх зарчим сонгодог утгаараа хэрэгждэггүй. Харин хавтаст хэрэг нь зөвхөн улсын яллагч, прокурорын гарт байдаг. Түүний яллах үндэслэл болохоос биш хэрэг маргааныг шийдэх үндэслэл нь мэтгэлцэх зарчим хэрэгждэг газруудад байдаггүй. Тиймээс мэтгэлцэх зарчим нь Англи-саксоны эрх зүйн тогтолцооноос гараад бусад улс оронд түгээн дэлгэрч байна. Монгол, БНХАУ-руу ороод ирсэн. Энэ нь юуг харуулж байна гэхээр шүүгчид хавтаст хэргийг уншуулбал урьдчилсан санаа бодол гарцаагүй бий болдог юм. Тийм учраас үүнээс татгалзуулах үүднээс ийм систем дэлхийн олон оронд хүлээн зөвшөөрөгдөж өргөн тархаж байгаа. Монгол Улс ч яваандаа энэ систем рүү шилжихийг үгүйсгэх аргагүй.
-Өнгөрөгч өдрүүдэд экс Ерөнхийлөгчийг шүүх хурлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй явууллаа. Гэтэл зарим гадны улс оронд шүүгчийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс гэдэг ч юмуу, янз бүрийн үндэслэлээр ялангуяа эрүүгийн шүүх хурлыг нээлттэй явуулахаас татгалздаг. Шүүх ажиллагааг олон түмэнд нээлттэй байлгахын сөрөг, давуу тал нь юу вэ?
- Дэлхийн зарим улс оронд шүүгчийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс эрүүгийн хэргийн шүүх хурлыг хаалттай явуулах зохицуулалт бий. Монгол Улсын хувьд Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар хаалттай явуулахгүй байхаар зохицуулсан. Хуульд зааснаар шүүх ажиллагааг хаалттай явуулахаар зарим зүйлийг зохицуулж өгсөн. МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох хэргийн хурлыг нээлттэй хийнэ гэж зарласан нь тэр жишгээр явсан болов уу . Ер нь бол шүүх ажиллагаа нээлттэй байхын буруу зүйл байхгүй. Тэртэй тэргүй шүүх эрх мэдлийг хараат бус ажиллаж байгаад хамгийн том хяналтыг ард түмэн тавьдаг. Ард түмний хяналт, шүүх эрх мэдлийг шударга, эрүүл байлгахад хамгийн чухал. Ард түмэнд ил тод мэдээлснийг буруу гэж бодохгүй байна. Цаашид шүүгчийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс хуульдаа зохицуулалт оруулах нь зүйтэй болов уу.
-Иргэдийн хувьд анхаарал татсан зүйл нь шүүгдэгч Н.Энхбаярын хурлын үеэр өмгөөлөгч нар нь шүүгч болон яллагчаас татгалзах хүсэлт гаргасныг шүүхээс хангаагүй. Ер нь ямар тохиолдолд хуралд оролцогч талууд шүүгч, хяналтын прокуророос татгалздаг юм бэ?
-Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хэргийн оролцогчид аль ч шатанд хэнээс ч татгалзах эрхтэй. Тэр дагуу явсан байх. Шүүх хурлын процессыг нарийн үзээгүй. Ямар нэг үндэслэл байсан болов уу. Тэр гаргасан хүсэлтийг хүлээж авах эсэх эрх нь шүүхэд бий.
-Ирэх 2013 оныг авлигатай тэмцэх жил болгон зарлаж байна. Өмнөх жилүүдэд шүүхийн шинэтгэл гэж их ярьсан. Шүүх шинэчлэгдэж байна уу?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн хамгийн том асуудал нь шүүх эрх мэдлийг шинэчлэх гэсэн зорилт дэвшүүлсэн. Энэ бол үнэхээр монголын ард түмэнд ус, агаар шиг хэрэгтэй цаг үеэ олсон асуудал. Ерөнхийлөгчийн мөрийн хөтөтлбөрт заасан дээрх асуудлууд хэрэгжих шатандаа явж байна. Өөрөөр хэлбэл, багц хуулиуд нь батлагдсан. Түрүүчийн парламентад хуулиудыг нэлээн хойно хэрэгжүүлэхээр заасан. Энэ нь улс төрийн шалтгаантай ч юмуу, бэлтгэл ажилтай холбоотой байж магадгүй. Гэхдээ шүүхийг шинэтгэх шинэтгэлийн уур амьсгал орж ирсэн. Өмнөх жилүүдэд шүүх багаар ажилладаг. Дээд шатны албан тушаалтнаас ирсэн захиалгыг хэрэгжүүлдэг гэх мэтийн олон нийтийн хардлага их байв. Тэрийг үгүйсгэх аргагүй. Одоо шүүх шинэчлэгдэж байгаатай холбоотой шүүх доторх уур амьсгал эрс өөрчлөгдсөн. Мэдрэгдэж байгаа. Тийм учраас төрийн өндөр албан тушаалтантай холбоотой энэ удаагийн шүүх хурлыг гадны нөлөөгүйгээр хуульд заасны дагуу явсан гэж бодож байна. Хүмүүсийн дунд хардлага бий. Тухайлбал,улс төрийн хүчин өрсөлдөгчийгөө зайлуулах үүднээс шүүхэд нөлөөллөө гэх ч юм уу хардлага битүүхэн явж байх шиг. Одоо бол шүүхэд нөлөөлөх зүйл байхгүй. Ер нь төрд гурван эрх мэдэл бий. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх. Эхний хоёр эрх мэдлийн хооронд наана цаана хуулийн хүрээнд явах зүйл байж болно. Шүүх эрх мэдэл рүү нөгөө хоёр эрх мэдлээс орох асуудал хамгийн хатуу чангаар хаалттай. Одоо иргэд өмнөх жишгээр шүүхэд нөлөөлж байна гэж хардах байх л даа. Тийм зүйл байхгүй. Шүүхэд шинэтгэл хийнэ гэсэн хүмүүс буцаад шүүхэд захиалга өгвөл тэр шинэтгэлийг хэрэгжүүлэх гэж буй шүүгчид юу гэж ойлгох вэ. Шинэтгэл хийх гэж буй субектууд шүүхэд нөлөөлөх эрх байхгүй.
-Үндсэн хуулийн цэц 9 гишүүнтэй. Ерөнхийлөгч, УИХ, Дээд шүүхээс томилдог. Хууль тогтоох эрх мэдэл бүхий байгууллагаас Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилж байгаа нь эргээд хараат бус шийдвэр гарахад нөлөөлж байна уу гэх эргэлзээ төрөх юм?
-Томилгооны асуудал төрд байгааг засах ёстой, шийдэх ёстой том асуудлын нэг. УИХ дэндүү их эрх мэдэлтэй болжээ. Маш олон хүнийг томилдог. Би ярьдаг юм. Ер нь УИХ Засгийн газрын бүх гишүүнийг томилно. Энэ олон томилгоо УИХ-ын гишүүний суудлыг маш их үнэ цэнэтэй болгож байгаа. Үүнээс болж сонгууль шударга бусаар явагддаг. Энэ жил сонгуулийн шинэ хуулиар будилиан бага гарсан байх. Цэцийн гишүүдийг Үндсэн хуулийн дагуу УИХ томилдог. Томилсон субьектынхаа өмнө найр тавих, тэрнээс хамааралтай шийдвэр гаргадаг гэх гаж соёл манай улсад бий. Бусад улс оронд ийм зүйл томилгоо хийгдэж бүрэн эрх хэрэгжсэн л бол томилсон хүмүүс ч нөлөөлөхийг оролдохгүй. Томилогдсон субьект ч тэдэнд үйлчилдэггүй. Монголчуудын улс төрийн соёлын өөрлөлттэй холбоотой уг асуудал цаашид шийдэгдэх байлгүй. Ер нь 20 гаруй жил улс төрийн түүхэнд бага хугацаа. Хорин жил гэдэг бага хугацаа, сайжруулах үүднээс чамлаж болно.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ