Өвөлжилт хүндэрч эхэллээ

img

Улсын хэмжээнд 15 аймгийн 88 сумын нутагт өвөлжилт хүндэрч болзошгүйг ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас малчдад анхаарууллаа. Ус, цаг уурын хүрээлэнгээс ч хүйтний хэм -50 градус хүрнэ гэж сэрэмжлүүлж байна. Эхнээсээ ч таагүй мэдээллүүд ирж буй нь нэгийг сануулна.

Тодруулбал, өнгөрсөн амралтын өдрүүдээр орсон цасны улмаас Завхан аймгийн хойд, Булган аймгийн баруун сумдад өвөлжилт хүндэрч аймгийн Онцгой байдлын газар хуралдаж зам, даваа хаагдсан газар уруу аврагч болон машин техник илгээсэн байна.

Үүний зэрэгцээ энэ сарын 10-ны байдлаар нийт нутгийн 70 орчим хувь нь цасан бүрхүүлд дарагджээ. Цаг уурчдын өгсөн мэдээллээр Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Дундговь, Хэнтий, Дорнод Сүхбаатар аймгийн нутагт 15-40 см цас унасан байна.

Түүнчлэн Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговь, Дундговь, Ховд, Өмнөговийн ихэнх нутгаар салхины хурд 16-27 метр секунд хүрч, байгалийн аюултай үзэгдэл болжээ. Ховдын Дунд-Ус, Зэрэг, Завханы Улиастай, Баянхонгорын Эхийн гол, Булганы Могод, Өвөрхангайн Хархорин, Өмнөговийн Булган, Гурвантэс суманд ч салхины хүч 28-40 метр секунд хүрсэн байна.

Өвөлжилт хүндэрсэн аймаг, сумын иргэд, малчид шаардлагатай үед хэл дуулгах найдвартай автомашин гаргаж өгөөч гэсэн хүсэлтийг холбогдох газруудад тавьжээ. Ийнхүү арав гаруй аймагт өвөлжилт хүндэрч эхэллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ