Мээдээ: Юу ч мөрөөдөхгүй амьдарна гэдэг уйтгартай

img

“Камертон” хамтлагийн дуучин Г.Мэнд-Амараас цөөн асуултад хариулт авлаа. -Та дуулахаас өөр юу сонирхдог вэ? -Бидний үеийнхэн асар их мэдээллийн эрин зуунтай шууд утгаараа холбогдсон хүмүүс. Энэ ч үүднээс бидэнд спорт, ном зохиол, кино гээд сонирхох зүйл маш их байна. Миний хувьд, номын сангаар нэг их ороод байдаггүй ч сүүлийн үед гарсан шинэ номнуудыг авч унших дуртай. Гэхдээ ном унших цаг зав бага гардаг болохоо тэр бүр тухлаад байж чаддаггүй. Хэрвээ ном бариад суучихвал өөр зүйл анхаарал хандуулна гэж саналтгүй. Ном уншсанаар шинэ үг хэллэг сурах, олон талын мэдээлэл авах, логик сэтгэлгээгээ хөгжүүлэх боломжтой шүү дээ. -Айлын хэд дэх хүүхэд вэ? -Найман хүүхэдтэй айлын тав дахь нь. Хоёрдугаар одонгийн хүүхэд гэсэн үг. Манай аав ээж хоёр хүүхдүүдээ их эрхлүүлдэг болохоор нэлээд эрх талдаа өссөн гэж болно. -Шүтлэгтэй юу? -Буддын шашин шүтдэг. Шашин анх шинжлэх ухааныг үгүйсгэж байсан бол, одоо шинжлэх ухаан нь шашныг үгүйсгэх болж. Миний бодлоор, энэ хоёр хоорондоо нягт холбоотой байх. Тиймээс шашныг мухар сүсгээр бус илүү баримттай гэдэг утгаар нь шүтдэг. -Тэгвэл бурханд залбирахдаа юу хүсдэг бол? -Аливаа шашныг үнэн зөв талаас нь шүтэж залбирах хэрэгтэй. Өөрийнхөө дотор байгаа сүсэг бишрэл, хайр энэрэл, хүн гэдэг ухагдахуунаа сайн ойлгож чадвал жинхэнэ залбирал тэр мөн. Ер нь ямар ч шашин хүнийг хайрла, сайн үйл хий гэсэн нэг л сургаалтай шүү дээ. -Та мөрөөдлөө биелүүлж чадсан гэж боддог уу? -Хүний мөрөөдөл гэдэг цаг үеэсээ хамаарч байнга өөрчлөгддөг байх. Жишээлбэл би цэцэрлэгт байхдаа хэмжээлшгүй их чихэр жимсэн дунд умбахыг мөрөөддөг байж. Харин дунд сургуульд ороод хүмүүсийн мэдэж амжаагүй зүйлүүдийг мэдэхийг хүссэн. Сургуулиа төгсөөд бусдыг байлдан дагуулсан мундаг хөгжимчин болохыг мөрөөддөг байлаа. Цаашид ч шинэ юмсыг мөрөөдөж түүнийгээ биелүүлэхийн төлөө зүтгэнэ. Юу ч мөрөөдөхгүй амьдарна гэдэг уйтгартай санагддаг. -Багадаа хэр дүрсгүй хүүхэд байсан бэ? -Зодоон цохион хийдэггүй, даруухан хүү байсан. Харин сургууль дээрээ чанга дуу чимээ гаргах, ангийнхаа охидыг шоглох зэргээр бусдаас арай гайгүй дүрсгүйтдэг байсан юмуу даа. -Өөрийнхөө зан араншинг тодорхойлооч гэвэл? -Хүлээцтэй бас яаруу. Эмзэглэх тохиолдол нэг их гарч байгаагүй юм байна. Бусдад сайхан сэтгэгдэл төрүүлж чадна. Бас муухай ааш ч гаргана шүү. Нэг их уурлаад байдаггүй. Уурлавал ёстой “жинтэй” уурлана даа. Өөрийнхөө хийх ёстой ажлыг бусдад даатгах гэсэн, бас зөрүүд хүмүүсээс болж бухимдах үе бий. Уур хүрсэн үедээ ганцаараа байхыг хичээнэ. -Хамгийн дурсамжтай, мартагдашгүй үеэсээ хуваалцаач? -Би аав ээж хоёрынхоо үнэрт их дуртай. Багадаа тэр хоёрынхоо үнэрийг өөртөө шингээх гээд дээлийг нь байнга нөмөрч унтдаг байлаа. Заримдаа унтлагийн хувцсыг нь дэрлэж унтана. Ингээд бодохоор хүүхэд насны дурсамжууд хамгийн сайхан, гэгээлэг нь юм даа. Р.Есүй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mona:
HI BI CAMERTOND DURTAI TAN NARRT AMJILT HUSYE
2012-12-03