ФИЛА-гийн их хурал боллоо

img

Англи улсын Лондон хотод үргэлжилж байгаа Зуны олимпийн наадмын үеэр наймдугаар сарын 3-ны өдөр “Grange St-Paul's“ зочид буудалд Бөхийн төрлүүдийн олон улсын холбоо-ФИЛА-гийн ээлжит их хурал болж өнгөрлөө.. ФИЛА-гийн Товчоо, 121 гишүүн орны үндэсний холбоодоос санал болгосон 2013-2014 онуудын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн батлажээ. Тэрчилэн 2013 оны тэмцээний хуваарийг сайшааж насанд хүрэгчдийн ДАШТ-ийг Унгар улсын Будапешт хотод, азийн аварга шалгаруулах тэмцээнийг Энэтхэг улсын Нью-Дели хотод, европийн аварга шалгаруулах тэмцээнийг Гүрж улсын Тбилис хотод, сонгомол болон чөлөөт бөхийн цомын төлөө эрэгтэй багуудын тэмцээнийг Иран улсын Тегеран хотод, эмэгтэй багуудын цомын төлөө тэмцээнийг Монгол улсын Улаанбаатар хотод явуулахаар болжээ. Мөн ОХУ-ын Татар улсын Казань хотод болох Зуны универсиад наадмын хөтөлбөрт сонгомол, эрэгтэй эмэгтэй чөлөөт бөхийн төрлийг оруулж тус бүрийг 7 жингээр явуулах шийдвэр гаргажээ. Их хурлаар холбооны ФИЛА-гийн Товчооны гишүүдийн сонгууль болж Стан Зедчик /АНУ/, Ким Ик Ёнг /БНСУ/, Ненад Лаловик /Серби/, Даулет Турлуканов /Казахстан/, хатагтай Наталья Ярыгина /ОХУ/ нарын 6 хүнийг Товчооны гишүүнээр улируулан сонгожээ. Товчооны гишүүнээр дахин сонгогдохоор нэр дэвшсэн Ролли Фернандес /Куба/, Жинжанг Зшоу /БНХАУ/ нарт Өмнөд Америк тив, БНХАУ-д бөхийн спортыг хөгжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт тавьж байгааг нь өндөр үнэлж байгаагаа илэрхийлжээ. Мөн Товчооны гишүүнд нэр дэвшсэн Грзегор Брудзински /Польш/, Хадем Азгади /Иран/ нарт талархал илэрхийлсэн байна. Их хурлын дараа 1972 оны олимпийн аварга, АНУ-ын их сургуулиудын бөхийн түүхэн дэх алдарт дасгалжуулагч Дан Гейбл, ФИЛА-гийн дэд ерөнхийлөгч, Шүүгчдийн зөвлөлийн захирал асан, канадын иргэн Марио Салетинг, 2000 оны олимпийн аварга, канадын иргэн Даниэль Игали, 1968 оны олимпийн наадмын чөлөөт болон сонгомол бөхийн мөнгөн медальт, Лондонгийн олимпийн наадмын чөлөөт бөхийн тэмцээний менежер, францийн иргэн Данэель Робин, эмэгтэй чөлөөт бөхийн дэлхийн 4 удаагийн аварга, норвегийн иргэн Гудрон Аннетта Хой, 1992 оны олимпийн наадмын аварга, дэлхийн 3 удаагийн аварга, оросын иргэн Мнацакян Искандарян, 1970 оноос олон улсын шүүгчээр ажиллаж байгаа, ФИЛА-гийн спортын шүүгч, Италийн иргэн Альдо Албанезе нарын нэрийг Бөхийн алдрын танхимд залах ёслол болжээ. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ