Б.Мягмарцэнд боулингийн “Боргио лиг” тэмцээнд 4 дэх түрүүгээ авлаа

img

Монголын Арванбайт Боулингийн Холбооны “А” зэрэглэлийн “Боргио лиг” тэмцээн Паркийн боулинг төвд 26 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд оролцсон 50 гаруй тоглогчдын гуравны хоёр нь спортын зэрэгтэй тоглогчид байсан нь өрсөлдөөнийг улам тэлж өгөв.Гурав дахь жилдээ,сар бүр явагддаг энэхүү тэмцээний цар хүрээ,оролцогчдын тоо тэмцээнээс тэмцээнд нэмэгдэж,энэ удаагийн тэмцээнээс эхлэн зэрэглэл ахиж,спортын цол,зэргийн нэгдсэн ангиллын нормативт болзол бүхий тэмцээний тоонд багтах болсон нь тоглогчдын ур чадвар,дундаж онооны үзүүлэлтийг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой юм. ”Боргио лиг” тэмцээний эмэгтэйчүүдийн ангиллын дүн гарахад 6 тоглолтын нийлбэр дүнгээр Б.Мягмарцэнд/Би-Зон/ 158,50 дундаж оноогоор бусдыгаа хошуучилж,4 дахь удаагаа лигийн тэмцээнд түрүүллээ.Тэрээр өнгөрсөн оны 4-р сарын тэмцээнд анхныхаа түрүүг авч байсан бол түүнтэй нэг багт олон тэмцээнд оролцож байгаа Б.Оргилмаа 154,83 дундаж оноогоор лигийн тэмцээнд түрүүлж,гурвалж байсан амжилтаа дэд байраар чимлээ.Эдгээр тоглогчдын араас Т.Туул/Биг боулинг/ нэхэл хатуу нэхсээр 154,33 дундаж оноогоор өмнөх сарын амжилтаа давтсан байна.Шагналт байруудад Д.Болордэлгэр/Паркийн боулинг/,С.Хандаа/ТЭЦ-3/,Д.Сэлэнгэ нар шалгарчээ.Эрэгтэйчүүдийн урьдчилсан тоглолтоос 8 шилдэг тоглогч шигшээд шалгарснаас 2011 оны 10-р сарын тэмцээнд түрүүлсэн С.Батзориг/Дабль-Икс/ 175,33 дундаж оноогоор лигийн хошой аварга болж,ерөнхий ивээн тэтгэгч АПУ Трейдинг ХХК-ийн шагнал 100.000 төгрөгийн эзэн болов.Түүнээс хоёрхон оноогоор хоцорсон Ц.Батжаргал/Грийн Страйкес/ 175,00 дундаж оноогоор өмнөх сарын амжилтаа бататгаж,сүүлийн 4 лиг дараалан эхний гуравт орсон байна.Харин 2-р зэрэгтэй тоглогч Ц.Бямбасүрэн 169,00 дундаж оноогоор анх удаагаа 3-р байрт шалгарав.Шагналт байрт орсон М.Түвшинсанаа/Мишээл/,Д.Дамдин/Би-Зон/,Ю.Ганболд/Биг боулинг/ нар МАБХ-ны хамтран ажиллагч,байнгын түнш Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн уламжлалт шагналыг гардаж,шөвгийн наймд зэрэггүй тоглогчдын сүүлийн цуврал тэмцээнд түрүүлсэн Б.Анхбаяр/Моннис/,мөн тэмцээний 4 дахь цувралд тэргүүлсэн Ч.Даваадорж/Нью бэлэг/ нар үлджээ.Тэмцээний өндөр онооны эздээр шалгарсан Б.Батбаяр/201/,Б.Оргилмаа/196/ нар Боргио брэндийн мөнгөн шагналын эзэд болов.Б.Батбаяр өнгөрсөн сарын тэмцээнд 200 оноогоор өндөр онооны үзүүлэлтийг манлайлсан бол Б.Оргилмаа 3 дахь удаагаа тусгай шагналыг гардсан байна.Дараагийн “Боргио лиг” тэмцээн 9-р сарын 9-ны ням гаригт зохиогдох бол 8-р сарын 8-ны лхагва гаригт 17:00 цагаас Хүүхдийн ФРУТТА Лигийн тэмцээн,8-р сарын 14, 28-ны өдрүүдэд 18:00 цагаас Паркийн боулинг төвд тус тус хуваарийн дагуу явагдана. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ