Н.Батцэрэг: Байнгын хороодыг байгуулах хэрэгтэй

img

УИХ-ын гишүүн, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгээс цаг үеийн асуудлаар зарим асуултад хариулт авлаа.

-“Шударга ёс” эвслийн бүлгийн хурлаар өнөөдөр ямар асуудал хэлэлцсэн бэ?

-Долоо хоног бүрийн даваа гарагт бүлгүүд хуралдах ёстой. “Шударга ёс” эвслийн өнөөдрийн бүлгийн хурлаар бүлгийн ажлын албаа бүрэн байгуулж, цаашдын ажлын чиг үүрэг өглөө. УИХ-ын намрын чуулган  хүртэл гишүүдийн санаалчлах хуулийн төслүүд, хяналт шалгалтын ажилд орж ажиллах ажлын хэсгүүдийн талаар санал солилцсон. Дараагийн асуудлын хувьд өнгөрөгч долоо хоногт  Сүхбаатар дүүргийн шүүхээс МАХН-ын  дарга Н.Энхбаярт ногдуулсан ялтай холбоотой асуудлаар гишүүд саналаа хэллээ.  Анхан шатны шүүхийн практикт  алдаа гарсан болов уу гэж харж байна. Дээд шатны шүүх нь анхан шатны шүүхийн гаргасан алдааг засаад явдаг учраас давж заалдах шатны шүүх засах байх гэж найдаж байгаагаа гишүүд хэлсэн.

Түүнчлэн бид АН, ИЗНН-тай хамтарч Засгийн газраа байгуулах яриа хэлцэл хийж, эхний уулзалтууд амжилттай болсон. Хамтарсан Засгийн газарт орж буй нам, эвслүүдийн дээд байгууллага нь баталгаажуулсан байгаа. Үүнтэй холбогдуулан АН-ыг шүүхийн анхан шатны шийдвэртэй холбогдуулан байр сууриа илэрхийлээч гэсэн санал тавьж байна. Би АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай уулзан саналаа хэлсэн. Намуудын удирдлагуудтайгаа зөвлөлдөнө гэсэн байгаа.

-МАХН-ын дарга Н.Энхбаярыг ялласантай холбоотой хамтарсан засагт орох үгүй  асуудал ярьж, гишүүд улс төрийн шийдвэр гаргана гэсэн яриа бий. “Шударга ёс” эвслийн удирдах зөвлөл хуралдсан уу?

- “Шударга ёс” эвслийн бүлгээс хамтарсан засагт орж ажиллах гэрээ хэлцэлд эргэлзсэн байдлаар хандсан гишүүн байхгүй. Харин АН болсон үйл явдалд ямар байр суурьтай байгааг сонсох нь зүйтэй  гэдгийг хэлж байна.

-Гурван шатны шүүхийн шийдвэр  гараагүй байхад АН-ыг байр сууриа илэрхийл гэж буй нь улстөржиж байна уу гэх хардлага төрүүлж байна л даа?

-Олон нийтэд тийм  хардлага байхгүй болов уу. Харин шүүх хуралдаан ил тод явагдсан учраас  энэ талаар иргэд илүү их мэдээлэлтэй байгаа. Дээрээс нь ард иргэд амарч байна. Хэвлэлийнхэн улстөржүүлээд байгаа болохоос биш иргэд өөрт байгаа мэдээллээ нягталж үзэж байгаа.

-“Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ шүүх хуралтай холбоотой мэдээллийг өнгөрөгч долоо хоногт өгсөн. Үүнийг та юу гэж бодож байна вэ?

-Олон нийт шүүмжилж байгаа гэдэг таны асуулт эвслийг хагалах гэж байгаа юм шиг харагдаж байна. Манай дэд дарга УИХ-ын гишүүний хувьд өөрийнхөө үзэл бодлыг хаана ч илэрхийлэх эрхтэй. Миний хувьд З.Баянсэлэнгэ гишүүний  хийсэн мэдээллийг буруутгахгүй. Мэдээж  намын даргад нь хилсээр ял ногдуулсан байхад тэр талаар байр сууриа илэрхийлсэн байх. Тэдний илэрхийлсэн байр суурь нь Засгийн газарт орж ажиллахгүй гэсэн  үг биш. Эргэлзээ төрүүлсэн үйл явц  биш.

-Шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад илт шүүгчийг буруутгасан өнцгөөс мэдээлэл хийсэн  нь гишүүний хувьд хэр хуульд нийцсэн үйлдэл байв гэж асуулаа лдаа. Түүнээс биш хагалан бутаргах гэсэн санаа агуулж, энэхүү асуултыг тавьсангүй. Хэрэв анхан шатны шүүх алдаа гаргасан бол дараагийн шатанд засч болноо гэж та яриандаа дурдлаа шүү дээ. Нөгөөтэйгүүр шүүхийн шийдвэрт эргэлзээ байгаа бол Нийслэлийн шүүхэд хандах эрх нь хуулиараа нээлттэй шүү дээ. Үүнийг та яаж харж байна?

- Болж буй үйл явцын талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн нь хуульд харшилсан зүйл алга.

-Талууд Засгийн газар байгуулах тунхаг гаргасан. Хэлэлцээрийн явц ямар шатанд байна вэ?

-Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнтэй холбоотой асуудлаар  хоёр талын ажлын хэсэг хуралдаж амжаагүй. УИХ-ын байнгын хороодын байгуулах, УИХ-ын бүтцийг бүрдүүлж ажлын бүрэн чадвартай болгох талаар анхаарч хамтран ажиллаж байна.

“Шударга ёс” эвсэл олон түмний итгэлийг хүлээж сонгогдсон. Олон түмний сонголтыг хүндэтгэж,  ард түмний эрх ашгийг өмнө нь тавьж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд цаг алдалгүй  шуурхай төр засгаа эмхлэн байгуулах ёстой гэж үзэж байгаа.

-Шүүх хурлын явцтай холбоотой “Шударга ёс” эвсэл задрах гэж байна гэсэн мэдээлэл ч чих дэлсч байна...

-Хуралдаж байр сууриа бүрэн нэгтгэж, нэгдсэн шийдвэр гараагүй. Хувь хүмүүсийн ярьсан яриа ам дамжиж буйг үгүйсгэхгүй. Хувийн бодлоо хэлэхэд төр засгийг эмхлэн байгуулах чиглэл рүү “Шударга ёс” эвсэл үүргээ биелүүлэх учиртай. Шүүхийн пракикт анх удаа хурлыг нээлттэй явуулсан нь зөв.

-Хэлэлцээрийг түргэтгэх талаар ямар алхам хийж байна вэ?

-Санаачлага АН-ын талд бий. Тодорхой цаг товлоод уулзах байх. Хамтарсан Засгийн газар байгуулах гэрээ хэлцэл хийсэн. Одоо гэрээнд заасан дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн ямар байх юм бэ. Шинэ яамдын  бүтэц ямар байх талаар ойрын хугацаанд ярилцана. УИХ-ын байнгын хороодыг яаралтай байгуулж дуусгах, УИХ өөрөө бүтэн ажлын чадвартай байх ёстой гэж үзэж байна.

-МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх хурал болох өдрийн чуулганы хуралдааныг хойшлуулах хүсэлтийг танай бүлгийн зүгээс яагаад тавьсан юм бэ. Нэг  шүүх хурлаас болж хуралдаан завсарлаж болох уу?

-МАХН-ын дарга Н.Энхбаярт шүүхээс ял ногдуулахтай холбогдуулан үүссэн нөхцөл байдалд “Шударга ёс” эвслийн бүлэг санаа зовниж, шүүх хурлын явцтай танилцахын тулд чуулганы хуралдаанаас чөлөө хүсч, УИХ-д даргад хандсан. Гэхдээ шүүхэд нөлөөлөх ёс байхгүй, эрх ч байхгүй. Иргэнийнхээ хувиар л хандсан. Иймээс УИХ-ын дарга хуралдааны товыг хойшлуулсан.

-Ц.Оюунбаатарын тангараг өргөх асуудал юу болж байна вэ?

-Жич ярина.

-“Шударга ёс” эвслийн гишүүдээс  хэн нэг нь шүүхэд дуудагдвал чуулганы хуралдааныг хойшлуулаад байх юм биш үү гэх шүүмжлэл байна? -Би ийм шүүмжлэл сонсоогүй. Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хмммм тулахтай яриа гэж хэлэхгүй ээ
2012-08-06
Сайд болох хамгийн сїїлчиН боломж гарч ирж байхад юїн Энхбаяр юїн шударга ёс гээч
2012-08-06
зочин:
АН-аас Даргыгаа хамгаалсан,зөвтгөсөн үг сонсох гээд байгаа юм уу?? Яагаад улс төржүүлээд байгаа юм бэ??МАН-аас юугаараа ялгаатай юм бэ??Хөгийн малнууд юм аа?ЭНХБАЯРЫН л мөнгөөр та нар гарч ирээ биз дээ??МӨНГӨ=МАХН=Эвсэл
2012-08-06
harhun:
tulhtai zov nygt hariultuud bna shuu.
2012-08-06