Хотын зам там болох нь
Нийслэлд энэ жил долоон нүхэн гарц барьж ашиглалтад оруулах болжээ. Үүний эхлэл болгон Их тойруугаас Сансрын тунель хүртэлх замыг хааж нүхэн гарц барих ажлыг эхлүүлсэн.
Сансрын тунелийн замын доогуур барих нүхэн гарц нь хэдийгээр нүдээ олсон ажил мөн хэдий ч нийслэлчүүдийн бухимдлыг ихээр төрүүлж байна.
Замын түгжрэлийг ихэд "өөгшүүлж" иргэдийн ажил, амьдрал, цаг завыг гацааж байгаа нүхэн гарцын ажилд ядаж байхад төр засгийн гацаа нэрмээс болж байна.
Монголчууд ажлыг хийнэ ч гэж хийх юм. "Хотын зам" ХХК энэ ажлыг гардан хийж буй. Хотын төвийн хамгийн ачаалалтай замуудын нэгийг хонхойлгож, ухаж орхиод дараа нь бороо, уснаас шалтгаалан ажил нь зогсоно. Хотын мэрийн гараас гарах захирамж, лүндэнгүүд ч энэ ажилд нөлөөлөх тул мөн л гацна.
Ер нь дээрээ хөлөө олохгүй бол дороо гүйдлээ олохгүй гэдэг л энэ аж. Парламент нь эвсэл, талцлын дунд түгжирч, Засгийн газраа байгуулж чаддаггүй.
Засгийн газаргүй болохоор баатар маань ч ажилдаа орж чаддаггүй. Баатар тамгаа аваагүй болохоор "Хотын зам"-ын ажил хотын замыг там болгох юм. Там болсон зам маань ирэх сараас ажил, сургууль цэгцэрч, жигдрэх үеэр жинхэнэ асуудал болно доо. Тэр цагт энэ олон түгжрээтэй замын хаагуур нь явах вэ хэмээн гаслаж суугчдын дунд төрийн түшээд та нар ч багтана даа.
Н.Өрнө
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ










СЭТГЭГДЭЛ БИЧИХ