”Монгол хүн-2020” хөтөлбөрийн ажлын хэсэг анхны хурлаа хийлээ

img

АН-ын ҮЗХ-ны 32 дугаар хурлаас баталсан “Монгол хүн-2020” эдийн засгийн цогц хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг өчигдөр анхны хуралдаанаа хийлээ. Хуралд тус ажлын хэсэгт саналаараа орсон ҮЗХ-ны гишүүд 80 гаруй хувийн ирцтэй хуралдсанаас эхний хурлаараа хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийн бүтэц бүрэлдэхүүнийг ярьж намын зүгээс хэрхэн анхаарч ажиллах юм, ямар санаа оноог тусгах талаар ярилцсан байна. Хурлаас үндсэн ажлын хэсгийнхэн дотроо таван дэд ажлын хэсгүүдэд хуваагдаж ажиллахаар болсон ба Эрүүл мэнд, мэргэжил боловсролтой байх, ажилтай, бизнестэй байх, аюулгүй орчинд ажиллаж амьдрах, хүний эрх эрх чөлөөг дээдэлсэн Монгол хүн гэсэн таван ажлын хэсгийг гаргаж тус тусын даргыг сонгосон байна. Боловсролын дэд ажлын хэсгийг МХХТГ-ын дарга Болдбаатар ахлах бол  ажил бизнестэй байх дэд хэсгийг Бадарсан, аюулгүй орчин ажиллаж амьдрах ажлын хэсгийг Гантулга, эрүүл мэнд чиглэлийн ажлын хэсгийг Батмагнай нар хариуцан ажиллахаар боллоо. “Монгол хүн-2020” ажлын хэсгийн хуралдаан  ирэх долоо хоногт ахин хуралдах ба ингэхдээ дээрх таван чиглэлийн дагуу санаа оноогоо нэгтгэх ба хурлыг долоо хоног бүр зохион байгуулж ирэх нэг сард хуралдах ҮЗХ-ны 33 дугаар хурлаар боловсронгуй болгож нийт гишүүдэд танилцуулахаар тогтжээ. Түүнчилэн эхний шатанд ажлын хэсэг эхний шатыг боловсруулах бол хоёрдох шатанд эрдэмтэн судлаачдын саналыг авах, тэр дундаа иргэд олон нийтээр хэлэлцүүлж санал бодлыг нь тусгасаны эцэст боловсруулж батлахаар болсон байна. Ардчилсан нам Монгол хүн-2020 хөтөлбөрөөр аль нэгэн салбарыг ярих биш харин хүнээ дээдэлж, түүнийгээ даган бусад салбарууд хөгжих ёстой гэсэн бодлогыг баримталж байгаа аж. Иргэн баян бол улс баян гэсэн зорилгыг тавьж байгаа АН нь  МАН-ын “Төр баян бол иргэн баян” гэсэн урианаасаа хүн төвтэй гэдгээрээ ялгарч байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ