
“Нэгүн” студийн захирал, хөгжмийн зохиолч Б.Одбаяр буюу Оки хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө аясыг мэдрүүлж чадсан нэгэн. “Валентины захидал”, “Худалч хүү”, “Бодлын хулгайч” зэрэг олон киноны хөгжим дээр ажилласан тэрбээр өнгөрсөн тавдугаар сард болсон “Улаанбаатар кино” наадамд “Бодлын хулгайч” киногоороо нэр дэвшсэн. Тэрбээр “миний хувьд энэ наадамд нэр дэвшиж ялах нь сонин биш, харин наадамд оролцсон нь нэр хүндийн асуудал байлаа. Учир нь тэрхүү наадамд Н.Жанцанноров, Ч.Сэр-Од багш гэх мэт Монгол Улсын хөгжмийн урлагт томоохон тэсрэлтийг хийж чадсан номер нэг хүмүүстэй бүтээлээрээ өрсөлдөнө гэдэг л чухал, уран бүтээлч хүн шагналын төлөө бус уран бүтээлээрээ гайхагдах нь л хамгийн чухал шүү дээ” хэмээж байсан. Тэгвэл хөгжмийн зохиолч Оки өчигдөр СТА хэмээх эрхэм цолоор энгэрээ мялаажээ. Оки “Энэхүү эрхэм хүндтэй шагналыг авснаараа цаашид илүү их зүйлийг хийх ёстой юм байнаа гэж хамгийн түрүүнд бодогдсон” гэж баярласан сэтгэлээ нуусангүй. Мөн тэрбээр цаашид киноны уран бүтээл дээр ажиллахаасаа илүүтэй том зүйл дээр ажиллах бодолтой яваа гэнэ. Ямартаа ч шинэхэн СТА цолоор энгэрээ мялаасан түүнд ажлын өндөр амжилт хүсье.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ